Терроризмын аюул занал их, гэхдээ урьдаас, үр нөлөөтэй ажиллавал үүний эсрэг тэмцэж болно гэдэгт Орос улсын ерөнхий сайд В.Путин итгэлтэй байна. Жил тутам иргэдтэй хийдэг шууд ярилцлагын үеэр тэрээр ийнхүү мэдэгдэв. В.Путин 8 дахь удаа иргэдтэй шууд ярилцаж байна. Тэрээр анх ерөнхийлөгчийн хувиар, хоёр дахь удаа ерөнхий сайдын хувиар иргэдтэй шууд ярилцсан. Энэ удаагийн шууд ярилцлагын үеэр ерөнхий сайдад хамгийн түрүүнд олон арван хүний аминд хүрсэн “Невский экспресс” галт тэргэнд болсон алан хядах ажиллагаатай холбоотой асуулт тавив. Манай улс бусад орны адилаар терроризмд хохирч байна. Олон улсын терроризмд өртсөн анхны орны нэг манай улс гэж В.Путин хэллээ. Бид терроризмын нурууг хугалахад их зүйл хийсэн ч, энэ аюул заналыг бүрмөсөн устгаж чадаагүй байна. Энэ аюул заналын эсрэг үр нөлөөтэй тэмцэхэд нийгэм үүнийг ухамсарлаж, хүн бүр сонор сэрэмжтэй байх хэрэгтэй гэж ерөнхий сайд хэллээ. Мэдээж хэрэг урьдчилан сэргийлэх ажил явуулах хэрэгтэй гэж В.Путин тэмдэглэв. Дэд бүтцийн объектод энэ мэт гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд түвэгтэй. Тиймээс өрсөн ажиллах хэрэгтэй. Голдуу ингэж ажилладаг ОХУ-ын Аюулаас хамгаалах албаны удирдах газар, Дотоод хэргийн яамын ажлыг ерөнхий сайд зохих ёсоор үнэлсэн юм. Болсон эмгэнэлт үйл явдлаас үүдэн энэ чиглэлийн ажлыг нэмэгдүүлэх шаардлагатай болох нь харагдаж байна. Энэ мэт алан хядах ажиллагаа үйлдэж байгаа, мөн хүний амь бүрэлгэж байгаа гэмт хэрэгтнүүдэд хатуу хандах ёстой. Бид шийдвэр төгс, хатуу чанд байж чадна гэж В.Путин оросын ард түмэнтэй ярилцахдаа тэмдэглэсэн юм. Ерөнхий сайдад тавьсан зарим асуулт дэлхийн эдийн засгийн хямарлын үр дагаврыг даван туулах ажлын талаар байв. Терроризмын хажуугаар энэ орчин үеийн гол сорилын нэг байна. Сүүлийн арван жилд өнгөрсөн жил хамгийн хүнд байсан гэж В.Путин хэллээ. Бидэнд төдийгүй дэлхийн бүх эдийн засагт хүнд байсан. Дэлхийн эдийн засгийн хямарлын ул мөр оросын эдийн засагт байгаа ч, хямарлын оргил үеийг даван туулсан гэдэгт их итгэлтэй байгаагаа ерөнхий сайд “шууд ярилцлагын”үеэр тэмдэглэсэн билээ. Хямарлаас гарахад их хугацаа, хүч, хөрөнгө мөнгө шаардлагатай. Гэхдээ энд үндсэндээ нааштай хандлага ажиглагдаж байна. Тухайлбал Орос улсад ДНБ болон аж үйлдвэрлэлийн уналт энэ жил таамаглаж байснаас бага байна. Батлан хамгаалах, пуужин-сансар зэрэг зарим салбарт мэдэгдэхүйц өсөлт гарсан. Орос улс хүн амын бодит орлогыг бараг 2008 оны түвшинд хадгалсан гэж В.Путин мэдэгдэв. Төсвийн орлого хэсэг бага зэрэг нэмэгдсэн байна. Оросын ард түмэн улс орны хөгжилд итгэж байгаа үзүүлэлтийн нэг нь төрөлт дээд хурдаар нэмэгдэж, үхэл хорогдол цөөрсөн гэж ерөнхий сайд хэллээ. Энэ нааштай байдал өнөөгийн нөхцөлд хамгийн чухал, ач холбогдолтой хэмээн В.Путин оросын ард түмэнтэй шууд ярилцахдаа онцлон тэмдэглэсэн юм.