Орос улсын Сибирийн Холбооны тойргийн бүс нутгууд болон Монгол улсын бараа эргэлт энэ оны 9 сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 47 хувиар буурчээ. Үүнд дэлхийн санхүү эдийн засгийн хямарал нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. Худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Орос-Монголын Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/-ийн бүс нутаг болон хилийн хамтын ажиллагааны салбар комиссийн 8 дахь хурал саяхан Улаанбаатар хотод болов. Хуралдааны үеэр хоёр орны бараа эргэлтийг дор хаяж өмнөх хэмжээнд хүргэхэд шаардлагатай арга хэмжээ, мөн Орос улсын Сибирийн бүс нутаг болон Монгол улсын хамтын ажиллагаанд хамаатай бусад хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны төгсгөлд ойрын жилүүдэд хамтран ажиллах тухай Протоколд гарын үсэг зурав. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович Новосибирск дахь Салбар комиссийн оросын хэсгийнхэнтэй холбоо барьжээ. Салбар комиссийн Оросын хэсгийн хариуцлагатай нарийн бичгийн дарга Сергей Тихомиров ийнхүү ярьж байна: Салбар комиссийн хуралдааны протоколд бараа эргэлтийг урьдын түвшинд хүргэх тодорхой санал, бүс нутгийн болон хил орчмын уламжлалт хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхээр тусгасан. Тухайлбал аж үйлдвэр, худалдаа, хөдөө аж ахуй, эрчим хүч, барилга, зам-тээврийн дэд бүтэц зэрэг юм. Үүнээс гадна төгсгөлийн баримт бичигт боловсрол, эрүүл мэнд, соёл, шинжлэх ухаан, аялал жуулчлалын салбарын төслийг оруулсан. Орос-монголын хилийн шалган нэвтрүүлэх цэгийг сайжруулах асуудлыг шийдэхэд онцгой анхаарал хандуулсан. Хилийн шалган нэвтрүүлэх цэгийн өнөөгийн байдал хоёр орны хилийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд саад болж байна гэж хуралд оролцогчид үзэж байна. Хуралдаанд “Росграница” сибирийн нутаг дэвсгэрийн удирдах газрын төлөөлөгчид оролцов. Орос, Монголын төр засгийн байгууллагууд “Монд-Ханд” хилийн шалган нэвтрүүлэх цэгийг олон улсын статустай болгох асуудлаар үргэлжлүүлэн хамтран ажиллаж байгаа тухай тэд мэдээлсэн. Хилийн шалган нэвтрүүлэх энэ цэгийг шинэчлэхэд шаардлагатай хөрөнгийг одоогоор боловсруулах шатанд байгаа “ОХУ-ын улсын хил 2011-2016 он” холбооны зорилтот хөтөлбөрт оруулах ёстой. Тува-Монголын хилийн Хандгайт-Боршо хилийн шалган нэвтрүүлэх цэгийг мөн олон улсын статустай болгох талаар ярисан. Үүнээс гадна Баян-Өлгий аймгийн Хөх эрэгт сум зэрэг хэд хэдэн газар шалган нэвтрүүлэх цэг нээх тухай хэлэлцлээ.
Сергей Тихомировын хэлснээр Сибирийн Холбооны тойргийн бүс нутаг болон Монгол улсын бараа эргэлтийн тухайд сүүлийн жилүүдэд үүссэн бэрхшээлтэй асуудлыг шийдэхийн тулд худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техник болон соёлын хамтын ажиллагааны талаар урьд байгуулсан гэрээний хүрээнд тухайлбал Алтай, Тува, Буриадын бүгд найрамдах улс, Өвөрбайгалийн хязгаарын нутаг болон Монгол улсын хил орчмын аймгуудын хамтын ажиллагааг эрчимжүүлж, худалдаа-аж үйлдвэрийн танхимын түвшинд бизнесийн төлөөлөгчдийн уулзалтыг зохион байгуулна. Хямаралтай жил Монгол улстай хийж байгаа бараа эргэлтээ 2009 оны есөн сард бараг хоёр дахин нэмсэн Эрхүү мужийн жишээг салбар комиссийн үеэр нааштай жишээ болгон иш татсан юм. Түгээр барахгүй энэ бүс нутгийн орлогч дарга Юрий Гуртова, “Иркутсккабель”, “Усольмаш”, “Энерпром” зэрэг машин угсралтын салбарт ажилладаг компаниуд Монгол улсад нийлүүлэх бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэхэд бэлэн байгаа талаар мэдээлэв. Салбар комиссийн 8 дахь хурлын үеэр хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахад анхаарал хандуулсан тухай Сергей Тихомирова хэллээ. “Россельхозбанк”-аас олгох зээлийн хүрээнд Буриадын бүгд найрамдах улс болон Алтайн хязгаараас үр тариа, азотын бордоо, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг Монгол улсад нийлүүлэх сонирхолтой байгаагаа Оросын тал мэдэгдсэн. Өвөрбайгалийн хязгаар, Буриадын бүгд найрамдах улс, Алтайн бүгд найрамдах улс Монгол улсаас мах, махан бүтээгдэхүүнийг импортоор авч, мал эмнэлэг-ариун цэврийн шаардлага хангасан нядалгааны малыг хөлөөр оруулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Салбар комиссийн хуралдааны үеэр хурлын төгсгөлд гарын үсэг зурсан Протоколд тусгасан хамтын ажиллагааны тухай 70 гаруй зүйлийг хэлэлцсэн юм.
Сергей Владимирович, Салбар комиссийн 9 дэх хурал хэзээ болов вэ?
Бид монголын ажил нэгт нөхөдтэй ирэх оны 3-р улиралд Орос улсад салбар комиссийн ээлжит хурлыг зохион явуулахаар тохиролцсон. Хурлыг зохион явуулах газар, тодорхой хугацааг ажлын үеэр тохиролцоно.  Худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Орос-Монголын Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/-ийн бүс нутаг болон хилийн хамтын ажиллагааны салбар комиссийн Оросын хэсгийн хариуцлагатай нарийн бичгийн дарга Сергей Тихомировтой хийсэн ярилцлагыг хүргэлээ.
<сонсох>