Москва хотноо болж байгаа Орос үндэстний Дэлхийн конгресст оролцож байгаа гадаадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид орос хэлээр нэвтрүүлэг цацдаг радиогийн Олон улсын холбоо байгуулах “Оросын дуу хоолой” радиогийн санааг дэмжлээ. “Оросын дуу хоолой” радио 11-р сарын эхэнд зохион байгуулсан орос хэлээр нэвтрүүлэг цацдаг радио станцын Олон улсын наадмын үеэр энэ төслийг санаачилж, сайшаасан юм. Холбоо байгуулах саналыг Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев дэмжсэн байна. Мэдээллийн шинэ нэгдэл дэлхийн олон арван оронд орос хэлээр нэвтрүүлэг цацдаг радио компаниуд хамтарсан төсөл хэрэгжүүлж, тэнд оршин суугаа орос үндэстнүүдтэй холбоо тогтооно. Орос хэлээр нэвтрүүлэг цацдаг радиогийн Олон улсын холбоо байгуулах үндэслэл, шаардлагын талаар манай радио компанийн дарга Андрей Быстрицкий ийнхүү ярьж байна: 
Орос хэлээр нэвтрүүлэг цацдаг радиог хөгжүүлэх сонирхолтой түнш гадаадад улам ихсэж байна. Эдгээр радио станцын ихэнх нь том биш, хязгаарлагдмал төсөвтэй юм. Орос хэлээр нэвтрүүлэг бүтээхэд их зардал гарна. Тиймээс эртнээс орос хэлээр нэвтрүүлэг цацаж, нэвтрүүлгийн гайхалтай архивтай “Оросын дуу хоолой” радио үүнд тусалж болно. Латин Америк эсвэл Австралид оршин суугаа орос хэлээр ярьдаг хүмүүс Алма-Ата хотод суугаа орос хэлээр ярьдаг хүмүүсээс нэлээд ялгардаг. Тэд янз бүрийн соёл, хэрэгцээ шаардлагатай юм. Энэ бүхэнд дүн шинжилгээ хийсний дүнд бид дэлхий дахинаа орос хэлээр нэвтрүүлэг цацдаг радиог нэгтгэсэн Холбоо байгуулах шаардлагатай гэж үзсэн. Орос үндэстний Дэлхийн конгресст болсон хэлэлцүүлгийн үеэр энэ санаа бүрэн эрэлт хэрэгцээтэй болох нь харагдсан. “Авторадио-Молдова” радио станцын ерөнхий захирал Андрей Рокотов энэ тухай ярихдаа, “Оросын дуу хоолой” радио станцын зохион байгуулж, санаачилсан олон улсын наадмын үеэр орос хэлээр нэвтрүүлэг цацдаг радиогийн холбоо байгуулахаар санаачилсан нь нэн чухал билээ. Нэгдүгээрт орос хэлээр нэвтрүүлэг цацдаг радио компаниуд бие биенээ мэдэрнэ. Бидний үйл ажиллагааны чиглэлийг зохицуулж, эцсийн дүндээ голдуу ижил төстэй олон асуудлыг шийдэхэд тус болно. Орос хэлээр нэвтрүүлэг цацдаг радио станц бүр мэдээллийн хөтөлбөр, хөгжмийн төсөл зэрэгт тодорхой бүтээлтэй болсон. Өөр хоорондоо харилцаж, туршлага солилцсоноор эфирийн нэвтрүүлгийг улам чимж, ямар нэг шинэ санаа сэдэх юм. Бид энэ санаачилгыг бүрэн дэмжиж, үүнийг хэрэгжүүлэхэд чадах чинээгээр идэвхтэй оролцоно. Улсын байгууллагуудын зүгээс зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэхэд Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев мөн тэдэнд дорвитой нөлөөлнө.
Орос хэлээр нэвтрүүлэг цацдаг радиогийн шинэ нэгдэл нь гадаадад суугаа орос үндэстнүүд болон түүхэн эх орны хоорондын харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна. Ямар нэг хэмжээгээр хэзээ ч тасалдаж байгаагүй энэ харилцаа сүүлийн үед ялангуяа оросын төр засаг нутаг нэгтнүүдээ дэмжих нь улсын чухал чиглэл хэмээн тодорхойлсноос хойш эрчимтэй хөгжиж байна. Олон улсын тэргүүлэх таван станцын нэг, 100 сая гаруй сонсогчтой “Оросын дуу хоолой” радио дэлхийн ихэнх оронд орос үндэстнүүдтэй системтэй холбоо тогтоох шинэ санааг зүй ёсоор санаачиллаа.