Европын Холбоо өнөөдрөөс өөрөөр оршино. Европын Холбоог өөрчлөх Лиссабоны гэрээ хүчин төгөлдөр боллоо. Гэрээний үндсэн хэсэг өөрчлөгдөхгүй ч, Европын Холбооны дотоод бүтэц өөрчлөгдөж байна. Одооноос Европын Холбооны шийдвэр гаргах үйл явц илүү хялбар болж, тус байгууллагын дэлхий дахинд эзлэх байр суурь нэлээд дээшилнэ гэж өөдрөг бодолтой хүмүүс итгэлтэй байна.
Удирдлагад шинэчлэл хийгээгүй хирнээ гишүүн орны тоог 27 болтол өргөжүүлсэн Европын Холбооны удирдах ажиллагаа хямарах болсон. Ардчиллын үзэл санааг баримталснаар Европын Холбооны гишүүн бүр шийдвэр гаргахад санал өгөх, мөн хориг тавих ижил эрхтэй болсон юм. Тус холбоонд элсээд удаагүй, үндсэндээ зүүн Европын орнууд энэ эрхийг ичгүүргүй ашиглах болсон. Европын Холбоог даргалах эрхийг жил хагасын дараа өөр оронд шилжүүлдэг нь бас нэг бэрхшээл байв. Энэ нь улс орон бүрт үндэсний тэргүүн зэргийн зорилтоо хэрэгжүүлэх боломж олгож байсан ч, Европын хэмжээний чухал асуудлыг шийддэггүй байсан. Одооноос Лиссабоны гэрээгээр хориг тавих бараг боломжгүй бөгөөд давхар олонхи шийдвэр гаргах журамтай болно. Өөрөөр хэлбэл хүн амын 65 хувиас багагүй хувь нь оршин суудаг улс орны 55 орчим хувь нь “тийм” гэсэн санал өгч, давхар олонхийн саналаар шийдвэр гаргана. Таван жил бүрэн эрхийн хугацаагаа хэрэгжүүлэх Европын Холбооны ерөнхийлөгч тус байгууллагыг олон улсын тавцанд төлөөлнө. Одоогоор Бельгийн иргэн Херман ван Ромпей 2,5 жил энэ албан тушаалд бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Бүх европын гадаад хэргийн сайдын албан тушаалд байгаа хүн одооноос Европын Холбооны бүх орны гадаад нэгдсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ. Европын Холбооны удирдах үйл ажиллагаанд гарсан хямарлыг бараг даван туулсан гэж хэлж болно. Гэсэн ч, бэрхшээлтэй асуудал үлдсэн гэж Оросын шинжлэх ухаан академийн Европын Хүрээлэнгийн европын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн хэлтсийн дарга Дмитрий Данилов тэмдэглэв.  Европын Холбоо шинэ бүтэцтэй, гишүүн орнууд нэг ерөнхийлөгч, нэг гадаад хэргийн сайдтай болно. Ингэснээр Европын Холбооны үйл ажиллагаа илүү үр нөлөөтэй болох уу? Зохион байгуулалтын хувьд тийм байж болох юм. Европын Холбооны дотор гадаад бодлогын асуудлыг шийдэх механизм үр нөлөөгүй болсныг гишүүн орнууд хэдийн анзаарсан. Энэ бэрхшээлийг Лиссабоны гэрээгээр шийдсэн. Учир нь Европын Холбооны гишүүн орнууд жил хагас тутамд өөрчлөгддөг бус илүү урт хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлэх ерөнхийлөгчтэй ажиллахад хялбар болж байна. Европын Холбооны ерөнхий гадаад бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгчийн үүргийг нэмэгдүүлснээр мөн энэ чиглэлд ажиллаж магадгүй. Хэрэгжүүлэх асуудлыг шийдээгүй л бол хамгийн шилдэг арга хэрэгсэл ч, үр нөлөөтэй байхгүй. Энэ тухайд Европын Холбоонд бүх зүйл хэвийн биш байна. Европын Холбооны ерөнхийлөгч болоод гол дипломатчийн бүрэн эрхийн хүрээг уялдуулах хэрэгтэй байна. Үүнийг хэрхэн шийдэхээс дэлхийн улс төрийн тавцанд ямар өөрчлөлт гарах нь тодорхой болно. Тухайлбал Орос улс нийт европын байгууллагыг хүчирхэг болгохыг сонирхож байна. Орос улс болон Европын Холбоо түншлэлийн тухай тулгуур шинэ гэрээг шинэчлэх цаг хэдийн болсон. Лиссабоны шинэ гэрээ хүчин төгөлдөр болсноор яриа хэлэлцээ илүү үр нөлөөтэй болно гэдэгт ерөнхийлөгч Д.Медведев болон ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар итгэлтэй байна. Эрээвэр хураавар олон орон бус нэг түнштэй ярихад хялбар байна. Гэхдээ нийт европын интеграцчилал хэрэгжсэн тохиолдолд ийм яриа хэлэлцээ хийх боломжтой гэж Дмитрий Данилов үзэж байна. Орос улс Европын Холбоог жил хагас даргалж байгаа улс оронтой яриа хэлэлцээ хийхэд төвөгтэй байсан нь ойлгомжтой. Тус холбоог даргалж байгаа улс орон бүртэй хоёр талын харилцааны онцлогийг харгалзах хэрэгтэй байсан. Одоо хялбар байх болов уу. Эхний үед Европын Холбооны удирдах ажиллагаа тодорхойгүй байгаагаас бэрхшээл гарч болох юм. Тухайлбал Европын парламент шиг байгууллагын гүйцэтгэх үүрэг нэмэгдэнэ. Үүнээс үүдээд Европын Холбоотой хийх яриа хэлэлцээ хэт улс төржих биш биз? гэсэн асуулт урган гарч байна. Европын Холбооны Гадаад хэргийн сайдын үүрэг тодорхойгүй байна. Түүний эрх мэдэл үндэсний Гадаад хэргийн сайд нарын эрх мэдэлтэй хэр уялдах вэ? Европын Холбооны дотор энэ албан тушаалыг нийт Европыг төлөөлөх үндэслэлтэй хэмээн хэр ойлгох бол? Энгийн үгээр Брюссель нийт европын шийдвэр гаргах төв эсвэл урьдын адил үндэсний нийслэлийг тэргүүлэх эсэх асуудлыг шийдэхгүй бол Орос-Европын Холбооны түншлэлийн тухай суурь шинэ гэрээнд гарын үсэг зурах хугацааг таамаглахад түвэгтэй билээ.