Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагад /ХАБГБ/ багтдаг орны мансууруулах бодистой тэмцэх албадууд мансууруулах бодис наймаалдаг үндэстэн дамнасан гэмт хэргийн бүлэглэлийн талаар мэдээлэл бүхий банктай болно. Армени, Белорус, Казахстан, Киргиз, Орос, Тажикистан, Узбекистан зэрэг 7 улс багтдаг Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын хууль сахиулах байгууллагууд Афганистан болон бусад орноос мансууруулах бодис оруулахад нягтран тэмцэнэ. ОХУ-ын Мансууруулах бодисын наймаанд хяналт тавих Холбооны алба өнөөдрөөс энэ банкийг ажиллуулна. Одоохондоо банк туршилтын хувилбараар ажиллана. Тус банк ирэх жилээс бүрэн ажиллах юм. ХАБГБ-ын гишүүн орны тус газрууд голдуу хаалттай шинжтэй мэдээлэл солилцох тул мансууруулах бодисын наймааг таслан зогсооход чиглэсэн дүн шинжилгээ болон практик ажил гүйцэтгэх боломжтой болно гэж ХАБГБ-ын хэвлэлийн албанаас “Оросын дуу хоолой” радиод уламжилсан юм. Тус банк дөнгөж ажиллаж эхэлж байгаа ч, ХАБГБ-ын хууль сахиулах байгууллагууд мансууруулах бодисын наймаатай тэмцсээр байна. Тухайлбал Орос улсын хууль сахиулах байгууллага сүүлийн хагас жилд 1,5 тонн героин зэрэг 17 тонн орчим мансууруулах бодис илрүүлсэн нь өнгөрсөн жилийнхээс 20 хувиар илүү байна. ХАБГБ-ын хүрээнд мансууруулах бодис худалддаг сувгийг хаах мансууруулах бодистой тэмцэх улс хоорондын ажил явуулж байна. “Мансууруулах бодисын наймаа газар авахаас сэргийлэхэд чиглэсэн хамгийн үр нөлөөтэй арга хэрэгсэл энэ юм” хэмээн ХАБГБ-ын мансууруулах бодисын наймаатай тэмцэх албаны мэргэжилтэн Михаил Мелихов ярьж байна.  Энэ ажиллагаанд ХАБГБ-ын гишүүд төдийгүй АНУ, Хятад, Герман, зэрэг улс нэгдсэн. Мөн Азербайжан, Украин, Латви, Эстони зэрэг улсын ажил нэгт нөхөд маань идэвхтэй ажиллаж байна. Афганистан, Иран, Туркмен, Колумби, Венесуэл зэрэг улсын хууль сахиулах эвслийн төлөөлөгчид энэ ажиллагаанд саяхан нэгдсэн. Сүүлд 11-р сард явуулсан ажиллагааны үеэр Колумбын хууль сахиулах байгууллага 1,5 тонн кокаин илрүүллээ.  Мансууруулах бодисын наймаанаас олсон мөнгөөр “тэжээгддэг” терроризмын эсрэг өргөн хүрээнд тэмцэх бүрэлдэхүүн хэсгийн нэг нь мансууруулах бодисын эсрэг тэмцэх явдал юм. Улс хоорондын хамтын ажиллагааны дүнд энэ ажиллагааг явуулах ёстой.