Үндэсний “РФ” кирилл бүст домен нэр бүртгэх кампанит ажил эхэллээ. Шинэ домены жагсаалтыг “Россия.рф” бэлэгдлийн нэртэй сайт тэргүүлж байна. Интернетийн хөгжлийн түүхэнд анх удаа кирилл үсгээр “РФ” үндэсний домен бүтээлээ. Орос улс үндэсний цагаан толгойн үсэгтэй доментай анхны улс болов. Одоогоор хоёр дахь шатны хэмээн нэрлэдэг нэрсийг тэргүүн зэрэгт бүртгэж байна. Өөрөөр хэлбэл төр засгийн байгууллагын хэрэгцээнд домен нэрийг бүртгэж байна гэж Интернетийн үндэсний домений зохицуулах төвийн захирал Андрей Колесников “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагчид ярилаа. Төр засгийн байгууллагын нэрийг бүртгэхийн сацуу барааны тэмдэг эзэмшигчдийн өргөдлийг хүлээн авч байна. Интернетийн далд хуулиар улсын байгууллагын нэрийг үнэ төлбөргүй бүртгэж байгаа бол барааны тэмдэг эзэмшигч нэг нэрэнд 1500-аас хэдэн мянган рубль төлж байна.  Ямар учраас түрүүнд бүртгэж байна вэ? Төр засгийн болон барааны тэмдэг эзэмшигчдийн ашиг сонирхолыг хохироохгүйн тулд нэр дуусахаас өмнө тэднийг түрүүнд нь бүртгэж байна. Үүнээс гадна бид “шагналын домен нэр” хэмээн нэрлэж байгаа хямдарлын үе зарлана. Хямдарал тавдугаар сарын дунд үеэс 6-7 хоног үргэлжилнэ. Энэ арга хэмжээнээс олсон мөнгөө бид энэ зорилгоор байгуулсан тусгай санд төвлөрүүлж, Интернеттэй холбоотой нийгмийн төсөлд зарцуулна.  “РФ” бүст нэр бүртгэх нээлт ирэх оны дөрөвдүгээр сарын эцэст эхэлнэ гэж Андрей Колесников ярьж байна. “РФ” домен нэр хүртээмжтэй, сонирхол татаж байгаа ч, эхний үед “RU” болон “SU” эрэлт ихтэй домен бүстэй өрсөлдөх аргагүй.  Мэдээж хэрэг гэнэтийн үйл явдал тохионо гэж бид бодохгүй байна гэж Зохицуулах төвийн тэргүүн ярив. Шинэ систем, технологи, хаяг бий болох үйл явц үнэндээ хувьслын үйл явц байдаг. Хэзээ ч хувьсгалын шинжтэй байдаггүй. Тиймээс бараг 2,5 сая домен нэр бүртгүүлсэн “RU” доментой дорвитой өрсөлдөж чадахгүй. “РФ” доменд оны эцэст 100-120 мянган нэр бүртгүүлнэ гэж бодож байна. Хүмүүс шинэ доменыг хэрхэн үнэлэхээс бүх зүйл хамаарна. Вэб хуудсын хаягийг латинаар галиглах бус эх хэлээрээ бичинэ. Тэгэхлээр орос хэлтэй хэрэглэгчид интернет ашиглахад хялбар дөт болж байна. Орос үсэггүй товчтой гар бүхий компьютер дээр интернет дахь товчлуураар кирилл доменийг бичиж болно. Интернетэд кирилл домен нэвтрүүлснээр интернетийн орон зайд Орос улсын нөлөөлөх бүсийг өргөжүүлж, шинэ хэрэглэгчийг татах нь дамжиггүй юм.