Москва-Петербургийн чиглэлийн “Невский экспресс” хурдны галт тэрэг баасан гаригийн орой Твер мужид осолдлоо. Сүүлийн үеийн мэдээгээр ослын үеэр 26 хүн нас барж, 96 хүнийг эмнэлэгт хүргэж, 19 хүний хувь заяа тодорхойгүй байна. Галт тэргэнд 682 хүн явснаас 653 нь зорчигч, 29 нь галт тэргний ажилтнууд байжээ.  ОХУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн яамны сайд Татьяна Голиковын хэлснээр зам төмрөөс халисан хурдны галт тэрэгний нэг вагонд өөр 4-7 хүний цогцос байж магадгүй байна. Одоогийн байдлаар бүх зорчигч, гэтмэж бэртсэн хүмүүсийг ослын газраас шилжүүлжээ. Осол баасан гаригт Твер мужид москвагийн цагаар 21:34 минутанд Новгород мужийн засаг захиргааны хилээс 1,5 км зайтай Хмелевка тосгоны орчимд Угловка-Лыкошиногийн туслах замд гарчээ. Осол ойн зурваст, үүрэн телефон утас муу ажилладаг газар гарсан тул тэнд шууд очиход бэрх байв. Галт тэрэгний сүүлчийн гурван вагон хараахан тодруулаагүй шалтгаанаар зам төмрөөс халижээ. Нэг вагон ноцтой сүйрсэн байна. Телевизийн эфирээр шууд дамжуулснаар вагоны их биеийн металл хуниралдсан байна. Сүйрсэн вагоны бүх зүйл арчигдсан гэж ослыг нүдээр харсан хүмүүс ярив. “Тэнд ганц ч суудал үлдээгүй. Бүгдийг тэгшилсэн байсан” гэж тэдний нэг ярилаа. Сүүлчийн вагонд хүмүүс суудалтайгаа дарагдаж, аймшигтай гэмтсэн”. “Бүгдийг шүдэнз шиг вагоноор тарааж байсан. Тэр үед бид юу болоод байгааг бид ойлгоогүй” гэж ослын өөр нэг гэрч ярьж байна. Анхан шатны шалгалтаар осол гарсан нэг зам төмөрт жижигхэн нүх гарсныг илрүүлжээ. Үүнтэй холбогдуулан Оросын төмөр зам компани “ослын нэг хувилбар алан хядах ажиллагаа байж магадгүй” хэмээн мэдэгдсэн юм. Гэхдээ ОХУ-ын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Мөрдөн шалгах хороо яаран дүгнэлт хийхгүй байхыг уриалав. “Мөрдөн шалгах бүлэг ослын газрын бүрэн шалгаж дууссаны дараа ослын хувилбарын талаар ярьж болно” гэж ОХУ-ын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Мөрдөн шалгах хорооны төлөөлөгч Владимир Маркин ярьсан юм. Ослын талаар Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевт шууд мэдээлсэн. “Ерөнхийлөгч осолд өртсөн хүмүүст туслах шаардлагатай бүх арга хэмжээ авахыг Онц байдлын сайд Сергей Шойгуд үүрэг болгосон” гэж Кремлийн хэвлэлийн албанаас уламжлав. Үүнээс гадна “төрийн тэргүүн ослын шалтгааныг мөрдөн шалгах, шаардлагатай бүх мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг Ерөнхий прокурор Юрий Чайка болон Холбооны аюулаас хамгаалах албаны захирал Александр Бортниковт” үүрэг болгосон байна. “Невский экспресс” галт тэрэг анх удаа осолдож байгаа юм биш. Москва-Санкт-Петербургийн чиглэлийн галт тэрэг 2007 оны 8-р сарын 13-нд Новгород мужийн Бурга-Красненка төмөр замын туслах замд мөн осолджээ. Тухайн үед төмөр замд тавьсан гар хийцийн дэлбэрэх төхөөрөг дэлбэрсний уршгаар осол гарсныг тогтоосон юм.