Монголд бараг хүн бүрийн танил болсон хүний 75 насны ой 12-р сарын 3-нд болно. ЗХУ-ын хоёр удаагийн баатар, Монгол улс болон Вьетнамын Хөдөлмөрийн баатар, Монголын анд нөхдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Виктор Васильевич Горбатко энэ өдөр 75 нас хүрнэ. Виктор Васильевичийн ойн өмнөхөн манай сурвалжлагч Ольга Павлович түүнтэй уулзсан юм. Тэрээр амьдралд нь тохиосон баяр, гунигтай үйл явдал, хүнд хирнээ сонирхолтой сансрын нисэгч гэсэн мэргэжил, олон нийтийн үйл ажиллагааны тухай ярилаа. Виктор Горбатко 1934 онд Краснодар хотоос 150 км зайтай орших Венцы-Заря тосгонд төржээ. Энэ оросын өмнөд хэсгийн хойд Кавказын нутаг юм. Түүний аав нь орон даяар алдаршсан “Восход” адууны аж ахуйд ажилладаг байв. Энд сайн үүлдэрийн, цэвэр цусны адуу үржүүлдэг байжээ. Тэднийх өнөр өтгөн, нөхөрсөг гэр бүл юм. Виктор Васильевич хоер эгч, ах, эмэгтэй дүүтэй. Виктор Васильевич 1941 онд 7 настайдаа сургуульд орох естой байсан ч, Эх орны дайн эхэлсэн тул сургуульд орж чадаагүй аж.. Виктор Васильевичийн гэр бүл фашистуудын булаан эзлэгчдийн бүсэлсэн нутагт оршин сууж байх үед буюу жилийн дараа тэрээр сурагчийн ширээний ард суусан байна. Энэ нь 1942 оны 8-р сар юм. Их хүнд үе байсан. Ирээдүйн сансрын нисэгч хүүгийн ой тойнд үлдсэн зүйлийн талаар ярихдаа,  Зөвлөлтийн цэрэг ухарч байх үед аж ахуйн бүх адууг зүүн нутагт тууж амжаагүй юм. Аж ахуйн адуу тал газар дур зоргоороо идээшилж байлаа. Бид хэдэн жаалууд адуу харахаар тэнд очдог байв. Нэг өдөр биднийг адуун сүргээс холгүй байхад нисэх онгоцны чимээ гарлаа. Нисэх онгоц их нам дор нисч байсан тул биднээс арай ахмад нь далавчин дээрх хас тэмдгээр германы онгоц болохыг танисан. Тэр биднийг бутанд нуугд гэж хашгирсан. Бутанд дөнгөж нуугдахад пулеметоор шүршиж эхэлсэн. Фашистууд зөвлөлтийн адуу гэж бодсон уу, морьдыг тулган буудаж байлаа. Цэвэр цусны сайхан адуу талд хиаран унаж байсан. Бутанд суусан бид хэд айж мэгдсэн, адуунд харамсан уйлж суусан. Хэсэг хугацааны дараа германчүүд манай тосгоныг эзэлж, тэд нутгийн оршин суугчид болон бүслэлтэд орсон, мөн олзлогдсон улаан армийн цэргүүдэд энэрэлгүй хандаж байсныг би харсан. Тосгоны оршин суугчийн бараг тал нь тэр дундаа миний хоер эгч устгах хүмүүсийн жагсаалтад орсон байлаа. Тэд комсомолын гишүүд байсан. Зөвлөлтийн цэрэг шуурхай давшсаны ачаар энэ аймшигт зүйл болоогүй. 1943 оны 1-р сард манай тосгон болон Кубанийн бусад нутаг дэвсгэрийг чөлөөлсөн юм. Виктор Васильевичийн хичээлийн он жилүүд тийм ч амар эхэлсэнгүй. Галлагаагүй, давчуухан анги танхимд Нэг багштай 1-4-р ангийн дөрвөн анги хичээллэж байв. Дайны дараа байдал аажмаар сайжирсан. Виктор Васильевич сайн сурч, 12 настайдаа зуны амралтаараа хамтралд ажиллах болжээ. Тэрээр мориор ажилчдад ус, мөн хамтралын үтрэмд үр тариа хүргэж, усан үзэм тариалж, жимс, ного хураах ажил хийж байв. Ийнхүү ажил хөдөлмөр эрхэлж бие бялдар нь хөгжиж, чийрэг залуу болсон байна. Тэрээр 8-р ангиа төгсөөд, 1940-өөд оны залуусын адилаар тэнгэрт дүүлж, нисгэгч болохыг мөрөөдөж байв. Ирээдүйн сансрын нисгэгч 1952 онд дунд сургуулиа төгсөөд нисэгчийн сургуульд элсэхээр шийджээ. Надад аз таарсан гэж Виктор Васильевич ярьж байна. 1952 онд нисэгчдийг бэлтгэх анхан шатны сургуульд комсомолын гишүүдийг анх сонгож байсан юм. Би цэрэг татлагын газар очиж, ийм сургуульд элсэхийг хүссэн. Эрүүл мэндийн хоер комиссоор орсон. Нисэгч болох хүсэлтэй олон залуусын хамт 8-р сарын 1-нд нисэгчдийг бэлтгэх Павлодарын сургуульд очсон. Сурахад амаргүй байлаа. Онолын курс надад их амаргүй байсан. Гэхдээ би энэ бүхнийг даван туулж, жилийн дараа нэгдүгээр зэрэглэлийн зуны сургуулийг дүүргэсэн. Тэр үед тогтсон заншлаар зуны сургуулийн төгсөгчид нисэх онгоцны сургуульд үргэлжлүүлэн суралцдаг байв. Виктор Васильевичийг Ростов мужийн Серовын нэрэмжит Батайскийн сөнөөгч нисөх онгоцны сургуульд илгээсэн юм. Жилийн дараа тэр сургуулиа онц дүнтэй төгсчээ. Дэслэгч цолтой Виктор Горбатко Молдавийн Меркулештийн гарнизонд алба хаахаар болсон юм. Сансрын нисэгч болох зам эндээс эхэлсэн. Дэслэгч Виктор Горбатког 1959 оны 8-р сард улс төрийн хэсэг хариуцсан хорооны дэд командлагч дууджээ. Би албаа сайн хааж байсан гэж Виктор Васильевич үргэлжлүүлэн ярив. Би шилдэг хослон нисэгч болж, салааны командлагчийн аттестат авсан байлаа. Эрүүл мэнд сайн, алба хаах үеэр ямар нэг сануулга аваагүй. Улс төрийн орлогч намайг яагаад дуудсан юм бол гэж би гайхаж байлаа. Ярилцлагад очиход, Москвагаас ирсэн хурандаа, мөн онцгой хэсгийн дарга өрөөнд байхыг харлаа. Болох гэж буй яриаг задлахгүй гэсэн гарын үсэг зурсан. Дараа нь миний алба, ирээдүйн төлөвлөгөөний талаар сонирхож, эцэст нь хиймэл дагуулаар нисэхийг санал болгосон. Би шууд зөвшөөрсөн. Би 1959 оны 10-р сард Москвад очиж, эрүүл мэндийн үзлэгээр орж, сансрын нисэгчдийг бэлтгэх анхны отрядад багтсан. Бүх зүйл амар хялбар байгаагүй гэж Виктор Васильевич ярьж байна. Сансрын нисэгчдийн анхны отрядыг бүрдүүлэхэд янз бүрийн комисс сөнөөгч нисэх онгоцны 3500 нисэгчийн хувийн хэргийг судалсан. Москва хотын Цэргийн судалгааны нисэх хүчний төв эмнэлэгт нисэгчдийн эрүүл мэндийг сайн шалгаж, 20 хүнийг сонгосон. Тэднийг тус отрядад шууд элсүүлээгүй. Агаарын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн тушаалаар 1960 оны 3-р сарын 7-нд ердөө 12 офицерыг сансрын нисэгчдийн анхны отрядын албан тушаалд томилсон. Тэдний нэг нь Виктор Васильевич Горбатко юм. Тэр үед бүх зүйлийг анх хийж байсан. Сансарт хүн нисгэхээр бэлтгэж байсан ямар ч туршлага байгаагүй. Бүх зүйл тодорхойгүй. Харалганаар бүгдийг хийж байлаа. Тухайн хүн ачаалал сайн дааж байвал түүнийг илүү сайн бэлтгэгдсэн гэж үзэж байв. Сансарт хэвийн бус нөхцөлд ямар ч зүйлтэй учирч болох тул хурдан шийдвэр гарах шаардлагатай гэдгийг яг таг мэдэж байсан. Сансарт нисэх хүмүүсийн бие организмд хэт ачаалал өгч бэлтгэж байв. Хүн бүр юу ч тохиолдож болохыг мэдэж байсан.
Виктор Васильевич Горбатко сансарт гурван удаа ниссэн. Эхлээд сансрын нисэгч Волков, Филипченко нартай 1969 оны 10-р сарын 12-17-нд “Союз-7” хөлгөөр ниссэн. Хоёр дахь удаа Глазковтой 1977 оны 2-р сарын 7-25 “Союз-24” болон “Салют-5” тойрог замын цогцолборт хөлгийн командлагчийн хувиар ниссэн билээ. Энэ нислэгийн дараа тэрээр ЗХУ-ын хоёр удаагийн баатар болсон юм. Виктор Васильевич гурав дахь удаа 1980 оны 7-р сард БНСВУ-ын сансрын нисэгч, судлаач Фам Туантай олон улсын багийн ахлагчийн хувиар ниссэн юм. Эх орондоо нарийн шүүлтүүрээр орсон социалист орны хэд хэдэн сансрын нисэгч тухайлбал Монгол улсын сансрын нисэгч Гүррагчаа, Ганзориг нар сансрын нисэгчдийг бэлтгэх төвд ирсэн юм. Дор хаяж нэг удаа сансарт ниссэн зөвлөлтийн сансрын нисэгчдээр ахлуулсан олон улсын баг байгуулсан. Энэ үеэр Виктор Васильевич Горбатко зөвлөлт-монголын найрамдлын нийгэмлэгийн даргаар нэлээд хэдэн жил ажилласан байлаа. Тиймээс түүнээс та яагаад Гүррагчаатай сансарт нисээгүй юм бэ? хэмээн олонтаа асуудаг. Улс төрийн үүднээс ашигтай байх байсан биш үү. Виктор Васильевич энэ талаар манай сурвалжлагчид ярихдаа,  “Интеркосмос” хөтөлбөрт Вьетнам анх оролцоогүй байсан. Би хуучин БНАГУ-ын сансрын нисэгчдийн орлох багийн бүрэлдэхүүнд байсан. Гэхдээ Валерий Быковскийн ахалсан үндсэн баг сансарт ниссэн. Тэр үед би Гүррагчаа, Ганзориг нартай танилцсан байсан. Би монголын судлаач-сансрын нисэгчтэй ниснэ гэсэн яриа байлаа. Гэхдээ Болгар, Унгар, Куба, Монгол, Румын гэсэн дарааллаар сансарт нисэх ёстой байв. Зөвлөлт-болгарын нислэг амжилтгүй болж, багийн бүрэлдэхүүнийг даруй дэлхийд буцаасны дараа “Интеркосмос” хөтөлбөрийн нислэг бүтэн жилээр зогссон. Энэ үер энэ хөтөлбөрт вьетнамчүүд нэгдсэн. Нислэг сэргэсний дараа Вьетнам Монголын урд байж таарсан. Би орлон нисэгчийн хувьд бэлтгэгдсэн тул хүлээж азаа туршаагүй. Үүний дараа сансарт нисээгүй. Гүррагчаатай дахин нисэхийг хүссэн л дээ. Тэр үед сансарт гурван удаа нисэх номтой байсан. Хожим сансрын нисэгч Крикалев сансарт 6 удаа ниссэн. Владимир Жанибеков зэрэг хэд хэдэн хүн сансарт 5 удаа ниссэн байгаа.
Виктор Васильевич, та хэзээ, ямар учраас зөвлөлт-монголын найрамдалын нийгэмлэгийн дарга болсон бэ?
Би 1970 онд Зөвлөлтийн найрамдалын нийгэмлэгийн холбооны шугамаар Хойд Солонгост очсон юм. Энэ байгууллагын удирдлагад би таалагдаж, тэр үед зөвлөлт-монголын найрамдалын нийгэмлэгийн дарга маршал Буденновын орлогч болохыг надад санал болгосон. Түний бие чилээрхэж байсан үе. Би 1971 онд Монголд анх очоод, энэ улсад бүрмөсөн татагдсан. Надад бүх зүйл таалагдсан. Хурц нар тусч, зах хязгааргүй тал нутаг, хамгийн гол хүмүүс нь энгийн, найрсаг байсан. Семен Михайлович Буденный өөд болсны дараа зөвлөлт-монголын найрамдалын нийгэмлэгийн шинэ даргыг сонгох хэрэгтэй болоход намайг нэр дэвшүүлсэн юм. БНМАУ-ын тэргүүн Ю.Цэдэнбалтай энэ албан тушаалд хэнийг томилох талаар ярилцаж, намайг дэмжсэн. Тэр үеийн зөвлөлт-монголын найрамдалын нийгэмлэгийн буюу өдгөөгийн Монголын анд нөхдийн нийгэмлэгийг 1974 оноос тэргүүлж байна. 
Виктор Васильевич, таныг анд нөхөд тань орос-монголын найрамдалын өмөг түшиг гэж хэлдэг. Та Монголын анд нөхдийн нийгэмлэгийг 35 жил тэргүүлж байна. Манай хоёр оронд их зүйл өөрчлөгдсөн. Таны бодлоор өөрчлөгдөөгүй үлдсэн юм юу вэ?
Энгийн хүмүүсийн түвшинд юу ч өөрчлөгдөөгүй. Бид урьдын адил нөхөрсөг, дотно харилцаатай. Би хамгийн сүүлд энэ жил тэмдэглэсэн Халх голын ялалтын 70 жилийн ойгоор Монголд очсон. Ард түмэн гайхалтай нэгдэлтэй байсан. Санал зөрөлдөөн байгаагүй. Хамгийн хүнд үе 1990-ээд он болон одоо ч манай хоёр орны хооронд улс төрийн санал зөрөлдөөн байгаагүй. Харамсалтай нь орос хэлтэй монголчууд цөөрчээ. Гэхдээ намайг Орос улсад гэхээс Монгол улсад сайн мэддэг нь таатай байдаг.
ЗХУ-ын хоёр удаагийн баатар, Монгол улсын баатар, Монголын анд нөхдийн нийгэмлэгийн дарга, сансрын нисэгч Виктор Васильевич Горбаткогийн тухай найрууллыг хүргэлээ.
<сонсох>