Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк /ЕСБХБ/ 2010-2012 онд Орос улсад үйл ажиллагаа явуулах шинэ стратегиа баталлаа. Энэ гурван жилд эдийн засгийг төрөлжүүлэх, бодит салбарыг дэмжих, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, оросын капиталын зах зээлийг бэхжүүлэх, дэд бүтцийн шинэчлэлийг санхүүжүүлэхэд тэргүүн зэргийн анхаарал хандуулна. ЕСБХБ нь төв Европоос өгсүүлээд дундад Азийн 29 оронд хэрэгжүүлдэг төслийг санхүүжүүлдэг олон улсын хөрөнгө оруулалтын механизм юм. Банк юуны түрүүнд хувийн байгууллагад хөрөнгө оруулснаар бизнесийн салбарыг хөгжүүлэхэд тус болж, хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улс орнууд зах зээлийн нээлттэй эдийн засагт шилжихэд түлхэц болж байна. ЕСБХБ үйл ажиллагаа явуулдаг 29 орноос Орос улсад хамгийн их хөрөнгө оруулжээ. Банкны хөрөнгө оруулалтын багцын 30 хувь нь Орос улсад ноогдож байна. ЕСБХБ-ны шугамаар санхүүжилтээр Орос улсад хэрэгжүүлж байгаа ихэнх төсөл хувийн салбарт хийсэн гэрээ байна. Олон улсын санхүүгийн байгууллагын Орос улсын талаар баримтлах шинэ стратегийн дагуу өнөөгийн эдийн засгийн хямарлын үр дагаврыг бууруулж, сулруулахад туслах оновчтой арга зам, хямарлын дараа эдийн засгийг сэргээхэд дэмжлэг үзүүлэх юм. Эдийн засгийн хямарлын улмаас Оросын компаниуд шаардлагатай их хэмжээний хөрөнгө оруулалтыг татах нөхцөл муудсан ч, тус банк компаниудад эрсдлийн капиталаар хангах боломж, арга замыг идэвхтэй хайна. РБК мэдээллийн агентлагийн Задлан шинжилгээний хэлтсийн газрын дарга Александр Яковлев ЕСБХБ-ын шийдвэрийн талаар ийм тайлбар хийсэн юм.  ЕСБХБ Орос улсын эртний уламжлалт түнш. Тус банк оросын эдийн засагт идэвхтэй ажиллаж байна. Орчин үеийн технологи, эрчим хүч хэмнэх, шинэчлэл зэрэгт хөрөнгө оруулах тухай мэдэгдсэн нь их сайн хэрэг. Энэ бүхэн оросын төр засгийн зүгээр нэг тунхаглал биш гэдэгт ЕСБХБ итгэлтэй байгаа, хэрэгжүүлэх шинэ стратеги нь ирээдүйд үр ашгаа өгөх бол энэ мэдэгдэл үнэхээр сайхан хэрэг байна. Ашиггүй хөрөнгө оруулна гэдэг утгагүй явдал. Орос улс эдийн засгийн хөгжлийн шинэ шатанд гарвал ЕСБХБ ашигтай. Харин нөхцөл байдал дахин хойш ухарч, нанотехнологи, шинэчлэл, инновацийн талаар тэгэсхийгээд мартвал, энэ бүх хөрөнгө оруулалт талаар болно. Үүнд тодорхой эрсдэл байна. Ямартаа ч технологи, инновацид хөрөнгө оруулахаар болсон нь ЕСБХБ оросын эдийн засаг өөрчлөгдөнө гэдэгт итгэж байгаа чухал алхам билээ. Оросын удирдлагын сүүлийн үеийн мэдэгдэл, үйл ажиллагаа тухайлбал ерөнхийлөгчийн Холбооны Зөвлөлд танилцуулсан илгээлтэд дурдаснаар эдийн засгийг шинэчлэх бодлого урт хугацаанд буюу наад зах нь 2020 он хүртэл хэрэгжинэ.