Афганистанд өнөөдөр ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болж байна. Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаа сонгогдсон Хамид Карзай тангараг өргөж байна. Тэрээр төрийн тэргүүний хувиар ойрын таван жил улс орноо удирдана. Афганистан болон хөрш орон, тус улсад цэргээ илгээсэн терроризмын эсрэг эвсэлд оролцогч орны ард түмэн, мөн олон улсын хамтын нийгэмлэг Карзай шинэ бодлого хэрэгжүүлэхийг хүлээж байна. Олон жил үргэлжилж байгаа дайныг эцэс болгож, нөхцөл байдлыг хяналтандаа авах, улс орны хөгжлийг зөв голдиролд нь оруулах бодлого боловсруулах тухай ярьж байна. Үүний тулд Афганистаны нийгмийг нягтруулж, хэт даврах хүчнийг тусгаарлахад чиглэсэн арга хэмжээ шаардлагатай. Хамид Карзай ерөнхийлөгчийн бүрэн эрхийн эхний хугацаанд үүнийг хэрэгжүүлж чадаагүй. Америкчүүд бүх чухал шийдвэрийг гаргадаг жишигт Афганистаны засаг захиргаа дасчээ. Дотоодын асуудлыг бие даан шийдэхэд тэд олон талаар бэлэн биш байна. Улс төрийн өрсөлдөгч болоод өрнөдийн орнууд Карзайг юунд эрс шүүмжилсэн бэ? Мэдээж хэрэг өнөөгийн байдлаар Карзай болон түүний засгийн газар энэ асуудлыг дангаар шийдэж чадахгүй. Гэхдээ тэд олон улсын хамтын нийгэмлэгийн тусламж, дэмжлэгт найдаж болно гэж Стратегийн үнэлгээ, шинжилгээний хүрээлэнгийн Дорно дахины шинжээч Сергей Демиденко үзэж байна.  Афганистанаас үүдэлтэй сорил, аюул занал осолтой. Тэндээс мансууруулах бодис тээвэрлэж байна. Тэндээс лалын тулгуур үзэл түгэж байна. Тэндээс хүмүүнлэгийн янз бүрийн асуудал урган гарч байна. Жорж Буш төрийн эрхэнд байх үед АНУ Афганистан-Иракийн асуудлыг бүрэн эрхэндээ авсан байлаа. Бүгд Вашингтоны хяналтанд байсан. Одоо нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Барак Обамын засаг захиргааны үед АНУ ямартаа ч үгэн дээрээ Афганистаны асуудлыг олон улсын хэмжээнд зохицуулах бодолтой байна. Үүнд аль болох олон орныг татан оролцуулах бодолтой байна.  Афганистанчүүдэд улс орныхоо нөхцөл байдлыг хяналтандаа авах үйл явцыг аль болох хурдан шижлүүлэх тухай сүүлийн үед их хэлэлцэх болсон. Кабул хотноо ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцож байгаа Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров терроризм дэлгэрэх аюулыг таслан зогсоох, Афганистанаас улбаатай мансууруулах бодисын аюул заналыг үндсээр нь таслахад бүхнийг хийх хэрэгтэй гэж үзэж байна. Афганистаны үндэсний арми, хууль сахиулах байгууллагыг бэхжүүлсний дүнд үүнийг хийх боломжтой гэж сайд үзэж байна.