Орос улс, Европын Холбоо хий нийлүүлэх асуудлыг хамгаалах зорилготой меморандумд гарын үсэг зурлаа. Эрчим хүчний сайд Сергей Шматко Орос улсыг төлөөлж, мөн эрчим хүчний асуудал эрхэлсэн комиссар Андрис Пиебалгс Европын Холбоог төлөөлөн эрчим хүчний салбарт урьдчилан сэрэмжлүүлэх механизмын тухай баримт бичигт гарын үсэг зурлаа. Эрчим хүчийг тогтвортой, саадгүй нийлүүлэх, эрчим хүчний салбарт онц нөхцөл байдал тохиовол хамгийн бага сөрөг үр дагавартай үүнийг даван туулж, сэрэмжлүүлэхийг баримт бичигт уриалжээ. Уг меморандум онц нөхцөл байдал үүсэх аюул занал эсвэл үүссэн тохиолдолд шуурхай хариулах, сэрэмжлүүлэх арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх журмыг тодорхойлсон байна. Меморандумд оны эцэст гарын үсэг зурах хэдий ч, Оросоос Европын Холбоонд Украины нутгаар дамжуулан хий нийлүүлэхэд гарч болох эрсдэлтэй энэ баримт бичиг огт хамаагүй юм. Гэхдээ Украины нутгаар хий нийлүүлэхэд саад гарвал Москва, Брюссель хамтран хэрэгжүүлэх арга хэмжээг баримт бичигт оруулсан гэж гэж ажиглагчид тэмдэглэжээ. Хамтарсан бүх шийдвэрийг үл харгалзан Орос улс болон Европын Холбооны хооронд эрчим хүчний яриа хэлэлцээ нэн түвэгтэй явагддаг тул меморандумд гарын үсэг зурсан нь цаг үе олсон, бас нэн шаардлагатай хэрэг гэж Нефть хийн үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Геннадий Шмаль үзэж байна: 
Европын Холбооны эрчим хүчний бодлогын асуудлаарх захирамж манай компани, улс орныг бүхэлд нь огт харгалзаагүй байдаг. Манай ашиг сонирхолыг үе үе зөрчдөг. Үндсэндээ үйлчилдэггүй, Орос улс батлаагүй Эрчим хүчний хартийн оронд шинэ баримт бичиг боловсруулахыг жил хагасын өмнө Орос улсын ерөнхийлөгч санал болгосон. Миний бодлоор Европын Холбоонд багтдаг улс оронд эрчим хүчний нөөцийг саадгүй нийлүүлэх нөхцлийг хангахыг хамгийн их сонирхож байгаа этгээд нь Европын Холбоо баймаар. Гэтэл энэ оны эхэнд Украины нутгаар хий дамжуулахад дэгдсэн хямарлын үеэр юу болсон бэ? Европын Холбоо хоёр долоо хоногийн дараа үүнд оролцсон. Олон орон тэр дундаа Балканы хойгийн орнууд сургууль хаах хүртэл хүнд байдалд орсон. Харин Европын Холбоо байдал хяналтаас гарахын алдад оролцсон. Тиймээс Европын Холбоо энэ асуудлыг ойлгож эхэлж, яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаа нь сайн хэрэг. Европын Холбооны эрчим хүчний нөөцийн томоохон нийлүүлэгч Орос улс борлуулалтаа тогтвортой байлгахыг сонирхож байна. Орос-Европын Холбооны 2007 оны 5-р сард болсон дээд хэмжээний уулзалтаар тохиролцсоны дагуу эрчим хүчний салбарт урьдчилан сэрэмжлүүлэх механизм боловсруулсан. Үүнд эрчим хүчний нөөц нийлүүлэх салбарт богино, дунд, урт хугацааны техникийн, арилжааны, улс төрийн эрсдлийн үнэлгээг харгалзсан байгаа. Мөн эрэлт нийлүүлэтийн хандлага, зах зээлийн хөгжлийн байдал, таамаглалыг мөн оруулсан. Меморандумд мониторинг хийх, зөвлөлдөх, мэдээлэл солилцох, уламжлах, шуурхай хариулах, сэрэмжлүүлэх арга хэмжээг тусгажээ. Орос улсаас Европт эрчим хүчний нөөц нийлүүлэхэд саад гарвал талуудын авах арга хэмжээг үүнд мөн оруулсан байна. Орос, Укрины урьд зөрчилдсөн үйл явдал шиг хоолой, агуулахаас зөвшөөрөлгүй хий авсан тохиолдолд талуудын авах арга хэмжээг баримт бичигт тусад нь оруулжээ.