20 жилийн өмнө зөвлөлтийн цэргийнхний хувь заяа Афганистан дахь өрнөдийн цэргийнхэнд нүүрлэж байгаа тухай байр суурийн талаар тайлбар хийхийг сэтгүүлчид хүссэний хариуд Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев “Мөн ийм аюул нүүрлэж байгааг харж байна” хэмээн хэллээ. Америк болон НАТО-ийн цэрэг Афганистанд 8 жил болсон ч, тус улсын байдал хурцадмал, аюултай хэвээр байна. Ерөнхийлөгч Барак Обама АНУ-ын Афганистанд хэрэгжүүлэх шинэ стратегийг баталсны дараа байдал өөрчлөгдөнө хэмээн олон хүн найдаж байна. Хараахан шинэ стратегийг батлаагүй тул дэлхийн ажиглагчид цаашид хэрхэх бол гэсэн асуултанд хариулахыг оролдож байна. “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагч энэ асуултыг Дэлхийн эдийн засаг болон олон улсын харилцааны хүрээлэнгийн олон улсын аюулгүй байдлын Төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Владимир Сотниковт тавьсан юм. Цаашид илүү их асуулт урган гарна. Барак Обамын засаг захиргаа талибан хөдөлгөөн идэвхжиж байгаа энэ үед Афганистаны товхинуулах үүрэг хүлээж байна. Түүний засаг захиргаа тийш нь нэмж цэрэг илгээх шаардлагатай эсэх, хэрэв тийм бол хэзээ илгээхийг шийдэнэ. Америкийн цэргийг нэмэхээр шийдлээ гэж бодоё. Афганистан дахь америк-НАТО-ийн цэргийн командлагч Маккристалын санал болгосноор Афганистаны хүн ам шигүү суурьшсан газар цэрэг байрлуулахаар шийдлээ гэж үзье. Хүн амд илүү ойр байхын тулд цэргийг тэнд байрлуулж байна гэж Маккристал тайлбарлажээ. Талибан хөдөлгөөний эсрэг тэмцэхэд энэ бүхэн амжилтанд хүргэх үү? Би их эргэлзэж байна. Америкчүүд Афганистанд амжилтанд хүрч чадаагүй. Зөвхөн дайнд төдийгүй афганчүүдийн зүрх, сэтгэлийг эзэмдэж чадаагүй. Афганчүүдийн олонхийн дэмжлэггүй бол ямар ч асуудлыг шийдэх аргагүй болох нь ойлгомжтой. Үүнээс гадна шинэ стратегийг амьдралд хэрэгжүүлэхэд Хамид Карзайн дахин тэргүүлэх болсон Афганистаны удирдлагатай нягт хамтран ажиллах шаардлагатай. Үүнд дор хаяж хоёр нөхцөл байдлыг анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт Афганистаны засгийн газар өнөө хүртэл зөвхөн Кабул хотыг хянаж байсан. Тэнд зөвхөн оршин суугч, гадаадын цэргийнхний аюулгүй байдлыг хангаж байна. Хоёрдугаарт АНУ Афганистанд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Хамид Карзайн нэр хүндийг унагах их зүйл хийсэн. Сонгуулийн тодорхой шатанд тэд өөр хүнийг тавихаар шийдсэн бололтой. Өрнөдийн эх сурвалжууд Абдулла Абдууллаг энэ албан тушаалд тавих гэж байна хэмээн бичиж байв. Тэрээр сонгуулийн үеэр нэрээ татсан юм. Афганистаны өнөөгийн ерөнхийлөгчийн оронд АНУ өөр тохирох хүн хайсаар байгааг би үгүйсгэхгүй. Энэ бүхний нөгөө тал гэж байна. Хамид Карзай АНУ найдваргүй холбоотон болохыг ойлгож эхэлсэн. Тэд Талибан хөдөлгөөний аюул заналыг таслан зогсоож чадахгүй. Ийм нөхцөлд Вашингтон, Кабул хэрхэн хамтран ажиллах вэ? гэсэн асуулт урган гарч байна. Нэг үгээр Вашингтон Афганистанд хүнд байдалд ороод байна. Магадгүй шинэ стратегийг баталсан хойно америкчүүд болон өрнөдийн европчүүдэд сэтгэгдэл төрүүлж болох юм. Энэ стратегиар байдлыг өөрчилж чадах уу? гэдэг нь том асуулт.  Та бүхэн Дэлхийн эдийн засаг болон олон улсын харилцааны хүрээлэнгийн олон улсын аюулгүй байдлын Төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Владимир Сотниковтой “Оросын дуу хоолой” радиогийн хийсэн ярилцлагыг сонслоо.