Алтайн хязгаар болон Монгол улс нягт хамтын ажиллагаагаар ялгардаг. Монгол улс газар зүй, харилцан хамаарлын хувьд ч ямагт ойр улс байсан. Өнөөгийн байдлаар тус бүс нутагт худалдаа-гаалийн харилцаа нэлээд эрчимтэй хөгжиж байгаа арван орны эхэнд Монгол улс орж байна. Алтайн хязгаарын удирдах газрын олон улс болон бүс нутаг хоорондын харилцааны асуудал эрхэлсэн орлогч дарга Роман Рузанов Алтайн хязгаар болон Монголын улсын хамтын ажиллагааны талаар манай сурвалжлагч Ольга Ивановад ийнхүү ярилаа. Одоо Алтайн хязгаар болон Монгол улсын хооронд маш нягт харилцаа тогтоод байна. Энэ хамтын ажиллагааг хэд хэдэн гэрээгээр тодорхойлж болно. Тухайлбал ОХУ-ын Хөдөө аж ахуйн яам болон Монгол улсын Худалдаа аж үйлдвэрийн яамтай 1997 онд байгуулсан гэрээний дагуу Алтайн хязгаар Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо төлөөлөгчийн газраа нээсэн юм. Ховдын засаг захиргаатай 1999 онд байгуулсан гэрээ өнөө хир үйлчилж байгаа бол Баян-Өлгий аймагтай 2006 оны 5-р сард гэрээнд гарын үсэг зурсан билээ. Орос-Монголын засгийн газар хоорондын комиссийн хуралд бид тогтмол оролцдог. Энэ жил тус хурал 11-р сарын 15-нд Улаанбаатар хотод болно. Саяхан Алтайн худалдаа-аж үйлдвэрийн танхимд монгол болон алтайн байгууллагын төлөөлөгчдийн уулзалт болсон гэж Алтайн хязгаарын удирдах газрын олон улс болон бүс нутаг хоорондын харилцааны асуудал эрхэлсэн орлогч дарга Роман Рузанов ярьж байна. Тэд хамтын ажиллагаа тогтоох яриа хэлэлцээ хийж, Монгол улсад Алтайн хязгаарын худалдаа-эдийн засгийн төлөөлөгчийн газар, мөн Алтайн хязгаарт монголын төлөөлөгчийн газар байгуулах боломжийг хэлэлцлээ. Тухайлбал БМК “Меланжист Алтай” болон “Дархан нэхий” компанийн захирлуудын уулзалтын үеэр Дархан хотод Алтайн хязгаарын төлөөлөгчийн газар нээхээр тохиролцсон юм. Саяхан болж өнгөрсөн “Алтайн Нива-2009” үзэсгэлэнд арьс, савхи, бэлэг дурсгал, эсгий эдлэл хийдэг монголын 10 компани маш идэвхтэй оролцсоныг тэмдэглэмээр байна. Сибирийн хөдөө аж ахуйн томоохон форумын үеэр Монголын талтай хамтран үзэсгэлэн зохион байгуулсан. Алтайн хязгаарт анх удаа Монголын тийм олон тооны компани бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлсэн юм. Монголын Үндэсний худалдаа-аж үйлдвэрийн танхимын ажилтнууд Алтайн хязгаартай эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэх бодолтой байгаагаа баталсан юм. Тэгэхлээр хэд хэдэн байгууллагын удирдлага багтсан Монголын өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид ирэх жил Алтайн хязгаарт ирнэ.
Энэ жил Алтайн хязгаар болон Монголын хамтын ажиллагаанд ямар онцлог үйл явдал тохиосон бэ?
Энэ жил бид Монголоос өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг хүлээж авсан. Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаа тэргүүтэй төлөөлөгчид соёл-гэгээрлийн чиглэлээр Алтайн хязгаарт айлчиллаа. Монголын найрамдалын нийгэмлэгүүдийн холбооны төлөөлөгчдөөс гадна монголын зураач, уран бүтээлчдийн баг төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан юм. Монголын төлөөлөгчид, Алтайн хязгаарын засаг захиргаа, их дээд сургуулийн удирдлагатай ажлын уулзалт хийж, янз бүрийн түвшинд орос-монголын хамтын ажиллагааны хөгжлийн асуудлыг хэлэлцсэн юм. Боловсролын салбарт хамтран ажиллах нь хамгийн ирээдүйтэй чиглэлийн нэг билээ. Монголын төлөөлөгчид Алтайн улсын техникийн их сургууль, Алтайн улсын их сургууль, Алтайн соёл, урлагийн улсын академид очсон. Багш, оюутныг солилцох, дадлага хийх, боловсролын салбарт тэр дундаа хэл сурах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ. Өнөөгийн байдлаар орчин үеийн хэлний хэм хэмжээнд нийцэх арга зүйн чанартай сурах бичиг байхгүй тул Монгол улсад орос хэлний сурах бичиг бэлтгэх нэн шаардлагатай байна гэж Алтайн хязгаарын удирдах газрын олон улс болон бүс нутаг хоорондын харилцааны асуудал эрхэлсэн орлогч дарга Роман Рузанов ярив. Алтайн эрдэмтэд монголын боловсролын байгууллагад орос хэлний сурах бичиг бэлтгэхэд оролцохоор тохиролцсон. Алтайн улсын их сургууль, Алтайн хязгаарын захиргаа, “Монголын анд нөхдийн нийгэмлэгийн” Алтайн бүс нутгийн салбарын дэмжлэгээр энэ оны зун Ховдын улсын их сургуульд Орос хэлний төв нээсэн юм. Алтайн улсын техникийн их сургуулийн дэмжлэгээр баруун монголд Баян-Өлгийн аймгийн их сургуулийн баазад тулгуурлан орос хэлний бэлтгэл анги нээхээр төлөвлөж байна. Тэгэхлээр найрамдалт хөрш оронтой хамтын ажиллагааны ирээдүйтэй төлөвлөгөө байна. Монгол Улсын ерөнхий консул Д.Базарсад Алтайн хязгаарт хоёр өдрийн ажлын айлчлал хийхдээ, Алтайн хязгаарын захирагч Александр Карлинд итгэмжлэх жуух гардуулсан билээ. Уулзалтын үеэр манай бүс нутаг болон Монгол улсын хооронд цаашдын хамтын ажиллагааны ирээдүйг хэлэлцсэн юм. Ерөнхий консул Алтайн хязгаартай тогтоосон хамтын ажиллагааны хөгжлийг нааштай үнэлсэн юм.
Хүмүүнлэгийн хамтын ажиллагааны зэрэгцээ “Бидний орон гэр Алтай” Олон улсын зохицуулах зөвлөлийн хүрээнд Монгол улс болон Алтайн хязгаар хамтран ажиллаж байна. Та энэ талаар ярина уу? 
Энэ зөвлөлийг 2003 онд байгуулсан юм. Үүнд эдийн засаг, хүмүүнлэг, аялал жуулчлалын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа дөрвөн орны төлөөлөгч тухайлбал Монгол улс /Баян-Өлгий, Ховд аймаг/, Орос улс /Алтайн бүгд найрамдах улс, Алтайн хязгаар/, Хятад улс /Шиньжаан Уйгурын автономит нутаг/, Казахстан /Дорно-Казахстаны муж/ багтдаг. Жил тутам хамтарсан хурал зохион байгуулдаг. Үүнээс гадна бидэнд “Их Алтай” хэмээн нэрлэж буй нутаг дэвсгэрийг дайрдаг аялал жуулчлалын хамтарсан маршрут бий. Одоо бүх чиглэлээр боловсруулж байгаа “Алтай-Алтан уул” маршрут нэлээд ирээдүйтэй юм. Хэрэв улсын түвшинд хил нэвтрэх асуудлыг шийдвэл хил орчмын нутаг дэвсгэрт харилцан визагүй зорчих боломжтой. Та бүхэн Алтайн хязгаарын удирдах газрын олон улс болон бүс нутаг хоорондын харилцааны асуудал эрхэлсэн орлогч дарга Роман Рузановтой хийсэн ярилцлагыг сонслоо.