Хятадын хойд мужуудад цас их унаснаас дор хаяж 38 хүн амь насаа алджээ. Байгалийн гамшигт орон нутгийн 1,5 сая оршин суугч хохирсон байна. Тухайлбал Хэбэй, Хэнань мужид хэд хэдэн сургуулийн барилгын дээвэр нурж, дөрвөн хүүхэд нас барж, олон хүн гэмтэж бэртжээ. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын Гэгээрийн яам сургуулийн барилгыг даруй шалгахыг шаардсан байна. Хуучирч, муудсан бүх барилгыг хаах ёстой юм. Үүнээс гадна түймэр, угаарт хордохоос сэргийлж, дулааны систем болон агааржуулалтыг шалгах шаардлагатай юм. Мөн халтиргаа их байгаа тул сурагчдад замын хөдөлгөөний дүрэм тайлбарлах хүмүүжлийн ажлыг идэвхжүүлэхээр заажээ. Эцэг эхчүүдэд хүүхдээ сургуульд нь хүргэж, авч байхыг зөвлөсөн байна.