Эдийн засгийг шинэчлэх, технологийн хөгжил, сонгуулийн системийг сайжруулах, улсын корпорацийн хувь заяаны асуудал. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев парламент буюу Холбооны Хуралд жил тутам танилцуулдаг илгээлтдээ дээрх сэдвийг хөнджээ. Оросын төр засгийн хөтөлбөрийн гол баримт бичиг нь илгээлт юм. Ерөнхийлөгч ямар асуудлыг нэн чухал гэж үзэж байгаа, үүнийг ямар механизмаар шийдэх зэрэг чиглэлийг олон нийтэд өгнө. Баримт бичгийн гуравны хоёр нь улс орны дотоод үйл хэрэг, гуравны нэг нь олон улсын асуудлыг хөнджээ. Д.Медведев парламентад хоёр дахь удаа, түүхэнд төрийн тэргүүний 16 дахь илгээлтийг танилцуулах гэж байна. Энэ удаагийн илгээлт бэлдсэн арга барилаар өмнөхөөс ялгарч байна. Оросын төр засгийн ойрын болон дунд хугацааны үйл ажиллагааны хөтөлбөр болох баримт бичгийг хэлэлцэхэд төрийн тэргүүн анх удаа олон нийтийг татан оролцуулсан юм. Д.Медведев хоёр сарын өмнө улс орны цаашдын хөгжил, тулгамдсан асуудлыг шийдэх, энэ талаар санал байр сууриа илэрхийлэхийг уриалсан “Орос улс урагшаа!” нийтлэлээ хэвлүүлсэн билээ. Ерөнхийлөгч улс орныг хөгжүүлэх стратегийн чиглэл тухайлбал эдийн засгийн хоцрогдол, түүхий эдийн хамаарлыг даван туулах, авилгатай тэмцэх, “хагас зөвлөлтийн” нийгмийн орчныг өөрчлөх, ардчиллыг бэхжүүлэх, хүн ам зүйн сөрөг үйл явцыг даван туулах, Кавказын байдлыг тогтворжуулах зэргийг тэмдэглэжээ. Ерөнхийлөгч Д.Медведев хэлэлцүүлгийг тайлбарлан хэлэхдээ8  Энэ баримт бичгийг дэлхий даяар өөрөөр хэлбэл оросын нийгмийн оролцоотой хэлэлцэх нь зарчмын чухал ач холбогдолтой гэж би үзсэн. Учир нь нийтлэлд стратеги алхамыг хангалттай дэлгэрэнгүй тусгасан тул илгээлт илүү тодорхой, илүү үр нөлөөтэй, нийтлэлд өгүүлсэн бүх асуултанд хариулсан байх ёстой. Ерөнхийлөгчийн тамгын газар, засгийн газар, ерөнхийлөгчийн вэб хуудаст санал ирсээр байна. Саналын тоо хөндсөн асуудлыг хэр сонирхож байгааг илтгэх ч, зөвхөн энэ чухал биш юм. Хамгийн гол нь хэлэлцүүлгийн янз бүрийн оролцогч тухайлбал бизнес эрхлэгч, эрдэмтэн, оюутан, шинжээчдийн бүлэг байр сууриа илэрхийлж байгаа нь чухал юм. Энэ бүхэн тун муугүй, үйл явдал амжилттай өрнөж байгаа гэж би үзэж байна. Ерөнхийлөгчтэй хамтран ажиллах уриалгыг ард түмэн идвэхтэй хүлээж авсан. Тухайлбал зөвхөн Кремлийн албан ёсны вэб хуудаст байгууллага, хувь хүнээс 17 мянга гаруй санал иржээ. Оросын иргэд янз бүрийн сэдвийг хөндсөн байна. Эдийн засаг, шинжлэх ухаан болон технологийн шинэчлэл, улс төрийн системийн хөгжил, төрийн удирдлага, иргэний нийгэм, шүүхийн систем болон авилгатай тэмцэх, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарын байдал, үндэсний аюулгүй байдал, экологи, гадаад бодлого зэрэг юм. Шоронд хоригдож байгаа “ЮКОС” компанийн тэргүүн асан Ходорковский хүртэл “Орос улс урагшаа!” нийтлэлд санал, байр сууриа бичжээ. Төрийн тэргүүн түүний саналтай танилцсан гэж ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Тимакова баталлаа. Ерөнхийлөгч ямар саналыг ойшоож, улс оронд ямар зорилт, төлөвлөгөө тавьж байгаа нь өнөөдөр тодорхой болно. Д.Медведев баримт бичгийн бэлтгэлд сэтгэл хангалуун, илгээлтийг урьдаар хэлэлцүүлсэн нь үр нөлөөтэй байсныг мөн тэмдэглэв. Харин оросын ард түмэн телевизийн “Россия” болон “Первый” сувгаар шууд дамжуулах илгээлтийн үндсэн зүйлтэй танилцах боломжтой. Үүнээс гадна ерөнхийлөгчийн илгээлтийг “Оросын дуу хоолой” радиогийн долгионоор дэлхийн 50 гаруй орны оршин суугч 39 хэлээр сонсох боломжтой. Харин радио станцын интернет хэрэглэгчид радио компанийн түнш телевизийн “Вести” болон “Раша тудэй” сувгийн орос, англи, араб хэлээр Д.Медведевийн хэлэх үгийг дамжуулах дүрс бичлэгийг үзэх боломжтой.