Японы 125 дахь эзэн хаан Акихито хаан ширээнд заларсны 20 жилийн ойг пүрэв гаригт Японд тэмдэглэж байна. Түүний эцэг эзэн хаан Хирохито нас барсны дараа 1989 онд Акихитог Японы эзэн хаанаар зарлажээ. Акихито төрийн жолоо барьсны 20 жилийн ойг тохиолдуулан Токио хотод ёслолын ажиллагаа болж, эзэн хааны өргөөний нутаг дэвсгэр иргэдэд нээлттэй байх агаад, эзэн хаанд мэндчилгээ, сайн сайхныг ерөөсөн захидал бичих боломжтой юм. Энэ тэмдэглэлт ойгоор 10 мянган иен буюу 111 орчим долларын үнэтэй дурсгалын алтан зоос гаргана. Улсын хэмжээнд шуудангийн бүх салбарт дурсгалын марк худалдаж эхэллээ. Энэ жил 76 нас хүрч байгаа эзэн хаан Акихито парламентын чуулганы нээлтийн ёслолд оролцох, ерөнхий сайд, дээд шүүхийн тэргүүнийг томилох, гадаадын элчин сайд нараас итгэмжлэх жуух гардаж авах улсын үүрэг хүлээдэг. Тэрээр чөлөөт цагаараа загас судалж, эрдүү хийлээр тоглож, хүүхдэд зориулсан үлгэр зохиодог. Энэ жил алтан хуримаа хийсэн эзэн хааны гэр бүл гурван хүүхэдтэй, 4 ачтай юм. Хамгийн бага хун тайж Хисахито 3 настай. Тэр японы хаан ширээний залгамжлагч юм.