Санкт-Петербург хотноо саяхан “Орос улс-Монгол улс: өнөө болон өнгөрсөнд түүхэн соёлын хамтын ажиллагаа”сэдэвт эрдэм шинжилгээ-практикийн Олон улсын анхны бага хурал боллоо. Энэ бага хурлыг Халх голын ялалтын 70 жилийн ойд зориулан зохион байгуулсан юм. Санкт-Петербург дахь Монголын анд нөхдийн нийгэмлэг энэ бага хурлыг зохион байгуулахад оролцжээ. Олон нийтийн энэ байгууллага бараг 15 жил завсарласны дараа хоёр жилийн өмнөөс Нева голын эрэг дээр үйл ажиллагаагаа сэргээжээ. Тус нийгэмлэгийн тэргүүн Сергей Евстафьев манай тусгай сурвалжлагч Ольга Павловичид ийнхүү ярьсан юм.
Санкт-Петербург хотод янз бүрийн оронтой найрамдалт харилцаатай 40 орчим нийгэмлэг Олон улсын хамтын ажиллагааны холбоонд багтдаг юм. Тухайлбал манай хотод Герман, Итали, Финлянд, Япон, Хятадын найрамдалын нийгэмлэг ажилладаг. Эдгээр нь бүгд олон нийгийн байгууллага бөгөөд Холбоо нь хуулийн этгээд юм. Монголын анд нөхдийн нийгэмлэг 2008 оны 1-р сарын 16-нд хоёр дахь удаа байгуулагдсан гэж бид үзэж байгаа. Энэ өдөр 12 хүний бүрэлдэхүүнтэй баг цуглаж, Нийгэмлэгийн үйл ажиллагааг эхлүүлж, ажлын чиглэлийг тодорхойлохоор шийдсэн юм. Санкт-Петербург дахь Монголын анд нөхдийн нийгэмлэг янз бүрийн мэргэжлийн хүмүүсийг нэгтгэдэг. Юуны түрүүнд дорно дахины судлаач эрдэмтэн, олон нийтийн зүтгэлтэн, урлаг, соёлын хүмүүс байна. Бид гурван чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Нэгдүгээрт зохион байгуулалт, техникийн. Үүнийг Санкт-Петербург дахь шинжлэх ухаан Академийн төлөөлөгч, Оросын байгалийн шинжлэх ухааны академийн академич Николай Милоченко тэргүүлж байна. Хэл бичгийн ухааны доктор, нэрд гарсан монгол судлаач Ирина Кульганек Монголын анд нөхдийн нийгэмлэгийн шинжлэх ухааны чиглэлийн үйл ажиллагааг удирдаж байна. Андреевийн нэрэмжит Улсын академийн оросын найрал хөгжмийн ерөнхий удирдаач, уран сайхны удирдаач, Орос улсын Ардын жүжигчин Дмитрий Хохлов соёл, урлагийн чиглэлийг хариуцаж байна. Монгол улстай амьдрал, үйл ажиллагаа нь ямар нэг байдлаар холбогдсон хүмүүс Нева голын эрэг дээрх хотод багагүй бий. Тэдний олонх нь нийгэмлэгийн ажилд дуртаяа оролцдог. 
Халх голын ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан саяхан эрдэм шинжилгээ-практикийн олон улсын анхны баг хурал зохион байгуулснаас гадна нийгэмлэг үйл ажиллагаагаа сэргээснээс хойш ямар арга хэмжээ зохион байгуулсан бэ? 
Анх зөвлөлт-монголын найрамдалын нийгэмлэг буюу одоо сансрын нисэгч Виктор Горбаткогийн тэргүүлж байгаа Монголын анд нөхдийн нийгэмлэгийн 50 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн жил бид Москва болон Монгол улсаас төлөөлөгчид хүлээж авсан. Монголын найрамдалын нийгэмлэгийн Холбооны ерөнхийлөгч Гүррагчаа, академич Чадраа, тухайн үед Монгол улсаас ОХУ-д сууж байсан элчин сайд Л.Хангай нар хүрэлцэн ирсэн юм. Тэр үед бид Москвагийн төлөөлөгчид болон монголын анд нөхөдтэй хамтран ажиллах тухай яриа хэлэлцээ хийж, хотын үзэсгэлэнт газрыг танилцуулж, манай нийгэмлэгийн гишүүдтэй уулзалт зохион байгуулсан. Санхүүгийн боломж төдий л их биш тул бид одоохондоо жилд нэг арга хэмжээ зохион байгуулж байна. Бид Монгол улс болон орос-монгол улсын харилцааны тэмдэглэлт өдрөөр цуглаж, монгол оюутнуудтай уулзаж, тэдэнд ямар нэг байдлаар туслахыг хичээдэг.
Та яагаад Санкт-Петербург дахь Монголын анд нөхдийн нийгэмлэгийг тэргүүлэх болсон бэ?
Би бага зэрэг завасарлаж, Монгол улсад 10 жил ажилласан. Би анх 1986 онд ДСНК буюу одоогийн Оросын шинжлэх ухаан соёлын төвд ажиллахаар Улаанбаатар хотод очсон. Монгол сайхан орон. Хүмүүсийг ямагт татаж байдаг. Тэнд нэг удаа очсон хүн дахиад л тийш тэмүүлдэг. Би 1990-ээд оны дундуур Монгол улсын нийслэлд очсон. Тэгээд тэндээ 2000 оны эхэн хүртэл ажилласан. Одоо би хотынхоо Монголын анд нөхдийн нийгэмлэгийг тэргүүлж байгаадаа баяртай байна.
Санкт-Петербургийн Монголын анд нөхдийн нийгэмлэгийн дарга Сергей Евстафьеватай хийсэн ярилцлагыг хүргэлээ.
<сонсох>