Өнөөдөр Женев хотноо Гүрж, Абхаз, мөн Гүрж, Өмнөд Осетийн хооронд хүч үл хэрэглэх тухай гэрээ байгуулах асуудлыг хэлэлцэнэ. Орос улс, Европын Холбоо, НҮБ, Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага, АНУ зэрэг улс олон улсын зуучлагчийн хувиар яриа хэлэлцээнд оролцоно.  Өвөр кавказын асуудлаар 8 дахь удаа олон улсын яриа хэлэлцээ болж байна. Гүрж 8-р сард Өмнөд Осетид халдан түрэмгийлсний дараа боловсруулсан Медведев-Саркозийн энхийн төлөвлөгөөний дагуу өнгөрсөн оны 10-р сард энэ яриа хэлэлцээ эхэлсэн. Өнөөгийн байдлаар сонирхогч бүх тал бүс нутгийн нэн тулгамдсан асуудлыг албан бус, нээлттэй орчинд хэлэлцэх цорын ганц олон улсын форум энэ юм. Өнгөрсөн жил төдий л урагш ахиагүй болохыг хэлэх хэрэгтэй. Яриа хэлэлцээний зарим оролцогч Абхаз, Өмнөд Осетийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн, нөгөө хэсэг нь үүнийг эсэргүүцэж байгаа тул Кавказын байдлыг тогтворжуулах зарчмын асуудлыг үр нөлөөтэй шийдэхэд саад болж байна. Гэхдээ л ахиц байна. Сухума болон Цхинвалийн төлөөлөгчид яриа хэлэлцээнд эн тэнцүү оролцож байна. Тэд байр сууриа хамгаалж, олон улсын төлөөлөгчидтэй шууд ярилах боломжтой байна. Энэ их чухал. Учир нь бүс нутагт өнөө хир талууд эсрэг тэсрэгээр тайлбарлаж буй янз бүрийн үйл явдал тохиож байна. Женевийн уулзалтаар нэлээд сэтгэл хөдлөлтэй санал солилцоход энэ нөлөөлж байгаа нь эргэлзээгүй. Гэхдээ тохиролцох хэрэгтэй. Ээлжит зөвлөлгөөнд эрс эргэлт хийнэ хэмээн найдах хэрэггүй хэмээн ОХУ-ын Улсын Думын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Хорооны орлогч дарга Геннадий Гудков үзэж байна. Харилцан үл итгэх зөндөө шалтгаан байна. Гүрж байр сууриа хамгаалах нь ойлгомжтой. Европын улс төрчид аажмаар үнийн мөнийг ухаарч байна. Тиймээс яриа хэлэлцээ бол цорын ганц зөв арга зам юм. Мэдээж хэрэг тийм хурдан нааштай үр дүнд хүрэхгүй. Гэхдээ ийм яриа хэлэлцээ явуулах шаардлагатай. Кавказд 2008 оны 8-р сард үнэхээр юу болсныг тодруулх хэрэгтэй. Байр сууриа тодорхой, жинтэй, тууштай хамгаалах ёстой. Магадгүй Орос улс энэ асуудлаар өөрөө нэмж зөвлөлгөөн хийх хэрэгтэй байж болох юм.  Өмнөд Осетид өнгөрсөн жил болсон байлдааны ажиллагааг Швейцарийн дипломатч Хайди Тальявинийн удирдлаганд мөрдөн шалгасан Европын Холбооны комиссийн хараат бус илтгэл нийтлэгдсэнээс хойш энэ яриа хэлэлцээ анх удаа болж байна. Цхинвалид халдсан Тбилис зэвсэгт мөргөлдөөн дэгдээсэн хариуцлагыг үүрэх ёстой гэж тус комисс хүлээн зөвшөөрсөн байна. Москваг мөн шүүмжилсэн байна. Орос улс иргэдээ хамгаалан хариу арга хэмжээ авсныг “зохисгүй хэмээн” үзжээ. Гэсэн ч энэ илтгэлээр олон асуудлыг шийдсэн бөгөөд одоо талууд цэргийн ажиллагааг үл сэргээх тухай гэрээ байгуулах асуудлыг хэлэлцэхэд илүү дорвитой хандах боломжтой болж байна. Энэ удаагийн яриа хэлэлцээнд оролцогч тэр бүү хэл Гүрж улс хүч үл хэрэглэх тухай баталгаажуулсан, олон улсын үүрэг хүлээсэн зүйл байхгүй бол бүс нутгийн аюулгүй байдлыг урт хугацаанд хангах аргагүй болохыг ойлгож байна. Тбилисийг оролцуулаад талууд тохиролцоонд хүрч, түншүүдийн тэр дундаа абхаз, өмнөд осетийн байр суурийг хүндэтгэхэд хэр бэлэн байгаа эсэхээс бүх зүйл шалтгаална.