БНАСАУ цөмийн хөтөлбөрөө хумих 2005 онд хүлээсэн үүргийн талаарх мэдээллээ баталбал АНУ тус улстай шууд холбоо тогтооход бэлэн байна. Цагаан ордны Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн Азийн асуудал эрхэлсэн захирал Жефри Бейдер баасан гаригт Вашингтоны Брукингсийн хүрээлэнд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ирэх долоо хоногоос гадаадад хийх айлчлалыг тохиолдуулан хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү мэдэгдэв. Америкийн удирдагч 11-р сарын 11-19-нд Сингапур, Хятад, БНСУ, Япон улсад айлчилна. АНУ-ын засаг захиргаа зургаан талын хэлэлцээний хүрээнд Умард Солонгостой яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгааг Цагаан ордны төлөөлөгч тодрууллаа.