Орос улсад өнөөдөр цэргийн алдар цуу өдрийг тэмдэглэж байна. Дайны талбар ойртсон Москва хотод 1941 онд болсон түүхэн ёслолын жагсаалын 68 жилийн ойг тохиолдуулан Улаан талбайд өнөөдөр ёслолын жагсаал боллоо. Уламжлал ёсоор эх орны дайны ахмад дайчид ёслолын жагсаалын гол үзэгчид байх агаад тэдний дунд 1941 оны нэрд гарсан жагсаалд оролцож явсан 45 хүн байна. Москва 68 жилийн тэртээ бүслэлтийн байдалтай байсан. Фашистууд нийслэлээс холгүй байлаа. Улс оронд нэн хүнд байсан энэ өдрүүдэд Улаан талбайд цэргийн жагсаал явуулах нь ихээхэн ач холбогдолтой байсан гэж Геополитикийн асуудал эрхэлсэн Академийн ерөнхийлөгч, хурандаа-генерал Леонид Ивашов үзэж байна. Нэгдүгээрт энэ цэргийн жагсаалаар Москва бууж өгөх бодолгүй, тодорхой зориг тэвчээртэй, эх орныхоо нийслэлийг хамгаалахад бэлэн цэрэг эрстэй болохоо гитлерийн эсрэг эвслийн холбоотнуудад итгүүлэх, энэ нь тэдэнд хандсан илгээлт байсан. Улаан талбайд цэрэг эрсийн ширүүн алхааг холбоотнуудад харуулахыг бодсон.  Хоёрдугаарт цэргийн энэ жагсаал зөвлөлтийн ард түмэнд итгэл найдвар төрүүлж, ялалт байгуулах итгэлийг улам бэхжүүлж, цэрэг эрсийн сэтгэл санааг өргөсөн юм. Түүхчид 1941 оны 11-р сарын 7-ны цэргийн жагсаал үйл явдалд хэр нөлөөлснийг Дэлхийн хоёрдугаар дайны цэргийн чухал ажиллаатай зэрэгцүүлэн үнэлж байна. Дайны эхэн үеийн түгшүүртэй, хүнд өдрүүдэд болсон энэ жагсаалаар зөвлөлтийн ард түмэн ялах мохошгүй зориг зүрхтэй болохоо дэлхий дахинд харуулсан билээ.
Дайны талбар ойртсон Москва хотод 1941 оны 11-р сарын 7-нд болсон цэргийн жагсаал 1 цаг 1 минут 20 секунд үргэлжилсэн юм. Москвагийн флотын бүрэлдэхүүн, цэргийн сургуулийн батальонууд “Славян бүсгүйн үдэлт” аянд жагсаалаар анх талбайд алхажээ. Тэдний араас морин цэрэг, их бууны анги, танк цуваагаар явж өнгөрсөн юм. Жагсаалд явган цэргийн 69 суман, морин цэргийн 6 эскадрон, зенитийн 140 зэвсэг, 160 танк орлцсон байна. Цэргийн жагсаалд оролцогчид тун удалгүй гитлерийн цэргээс нийслэлээ хамгаалах хэрэгтэй байлаа. Фашистуудын агаарын цохилтыг няцаахад нийслэлийн нисэх буудалд 300 нисэх онгоц нисэхэд бэлэн байв. Москвад тэр өдөр цасан шуургатай их хүйтэн байсан тул цэргийн найрал хөгжмийн удирдаач, “Славян бүсгүйн үдэлт” марш хөгжмийн зохиогч Василий Агапов тайзан дээрээ хөлдсөн байна. Хөгжмичид түүний гутлыг модон шалнаас ховхолж, өөрөө явж чадахааргүй их бээрсэн бээрсэн түүнийг өргөж авч явжээ. Өнөөдөр Москва хотын Улаан талбайгаар цэрэг-эх орны клуб, хайгуулын отряд, Суворовын цэргийн сургууль, Москвагийн цэрэг-хөгжмийн сургуулийн хүмүүжигч 4 мянган залуус жагслаа. Мөн цэргийн жагсаалд Москвагийн цэргийн тойргийн цэргийн албан хаагчид 1941 оны дүрэмт хувцастай жагссан юм. Үүнээс гадна цэргийн ёслолын жагсаалд анх удаа хуягт техникийн загвар Т-34 хоёр танкийг үзүүллээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед Т-34 зөвлөлтийн армийн байлдааны гол машин байсан. Цэргийн ёслолын жагсаал өнөөдөр өглөө 10 цагт Улаан талбайд эхэллээ. Мөн өнөөдөр Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө, маршал Жуковын хөшөөнд цэцэг өргөж, Их театрт эх орны дайны ахмад дайчидтай уулзана.