Сайн байцгаана уу, эрхэм радио сонсогчидоо, “Оросын дуу хоолой” радиогоор “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг эхэлж байна. Манай радиог эртнээс сонсож байгаа Ховд аймгийн сонсогч Ц.Бямбажав бидэнд захидал илгээжээ. “Тувагийн бүгд найрамдах улсад буддын шашны шүтээн олдсон тухай би сонссон. Энэ үнэн үү? Энэ талаар өгүүлэхгүй юу?” хэмээн тэр бичжээ. Тувагийн бүгд найрамдах улсын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалж байгаа Шакьямуна буддагийн эртний хөшөөнөөс буддын шашны гайхалтай шүтээний цуглуулга илрүүлсэн. Хөшөөг урьдчилан шалгахад 17 эд зүйл илрүүлсэн. Шүтээн эд хэрэглэлийн дотор Тувагийн Гэлэг Цопкан лам, мөн Монголын буддын шашны тэргүүн Богд гэгээн Халх Жавзан Дамба 8 гэгээний хувцасны хэсэг, Наропын араг яс, үсний хэсэг олдсон байна. Н: Тувагийн бүгд найрамдах улсын Үндэсний музейн буддын шашны сан хөмрөгийг бүртгэж, сэргээн засварлах ажлын үеэр шашны эд зүйлийг илрүүлсэн юм. Эхний шатны ажил Кызыл хотод дууссан. Халимагийн “Бурхан будда Шакьямунийн алтан орд” сүмд сүүлийн гурван жил байнга суугаа төвдийн Гьюдмед сүмээс урисан Туптен Шакья лам энэ ажлыг удирдсан. Түүнийг музейн захирал Виктор Жигжит урьсан байна. Туптен Шакья лам Тувагийн буддын шашны төвийн төлөөлөгч, музейн ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулсан юм. Тувагийн хамба лам асан Аганак Хертек, мөн лам Баир-оол Ширал нар буддын шашны сан хөмрөгийг тодорхойлоход дорвитой хувь нэмэр оруулсан билээ.  Ажлын хэсэг хөшөөг мантра болон хүж тэргүүтнээр дүүргэх өргөн хүрээтэй ажил хийжээ. Ийм маягаар лам хувраг, сайн дурынхны хүчээр музейн үзмэр буддын шашны хөшөөг тувагийн буддын шашны сүсэгтнүүд мөргөдөг шүтээн болгон хувиргажээ. Тус бүгд найрамдах улсын хүн амын олонх нь буддын шашин шүтдэг. Тувагийн үндэсний музей шашны ховор эд зүйл илрүүлсэн тул буддын шашны танхимын үзмэрийг нэлээд өөрчлөхөөр төлөвлөж байна. Үнэ цэнэтэй олдворыг танхимын төв хэсэгт байрлуулна. Сарын дараа музейд ирэх хүмүүс шинэчилсэн танхимд шүтээнийг харна. Тувагийн үндэсний музейн буддын шашны танхимыг энэ оны 8-р сард нээсэн. Музейд Сопа Ринпочийн шашны эд зүйлийн үзэсгэлэнг гаргах үеэр буддын шашны энэ танхимыг нээх ёслол болсон юм. Түүний цуглуулга одоогоор дэлхийд хамгийн томд ордог. Буддын шашны танхимын гол үзмэр нь Тувагийн хамгийн нэрд гарсан Усту-Хүрээ сүмийн шүтээн юм. Зун Хемчикскийн нутагт 1907 онд байгуулсан энэ сүмийг 1930-аад оны эцэст нурааж, эд зүйлийг нь хурааж, 1960-аад онд Үндэсний музейд шилжүүлжээ. Музейн сан хөмрөгт буддын шашны гар бичмэл, өнөө үед Тувагийн агуйгаас их олдож байгаа шашны эд зүйлийг хадгалдаг. Хэлмэгдүүлэлтийн жилүүдэд лам нар шашны ариун эд зүйлээ нэгэн цагт илрүүлж, хүмүүст ач тусаа өгнө гэж найдан ууланд нууж байсан юм. Дээрхийн гэгээн 14-р далай лам 1992 оны 9-р сард Тувагийн бүгд найрамдах улсад цорын ганц удаа айлчлахдаа ном хурж, сургааль айлдаж байсан суудлын яг ижилхэн хувилбарыг тус танхимд тавьжээ.  Одоо хөгжмийн завсарлага авцагаая. Ч.Пүрэвсүрэнгийн хүсэлтээр Иосиф Кобзоны дуулсан “Эх нутаг Орос орон минь” дууг хүргэе.  “Манай шуудангийн хайрцаг” ээлжит нэвтрүүлгээ үргэлжлүүлье. ОХУ-ын Алтайн хязгаарын “Куюкпэймонголия” компани монголын зах зээлд үйл ажиллагаа явуулж байна. Тус компани Оросын “Квик пэй” компаний салбар юм. Орос улсад үйл ажиллагаа эрхлээд 5 жил болж байгаа тус компани Оросын 30 бүс нутаг, Казахстан, Энэтхэг улсад салбартай. Компанийн үндсэн үйл ажиллагаа үйлдвэрлэл, программ хангамж юм. Тус компани Улаанбаатар хотоос гадна Монголын нийт нутаг дэвсгэрт салбараа нээж, янз бүрийн үйлчилгээний төлбөрийг шуурхай хүлээж авах бизнес эрхэлж байна.  Эхний ээлжинд монголын үүрэн телефон утасны Скайтел, Юнител, Жи Мобайл, Монголтелеком, Мобиком компанитай хамтран утасны төлбөрийн системийн ажил гүйцэтгэнэ. Хоёр дахь шатанд интернет үйлчилгээ, мөн суурин телефон утас ашигласны төлбөр хүлээж авах, цаашид банкны зээлийн бусад төлбөрийг хүлээж авахаар төлөвлөж байна. Цаашид Орос улсад ирэх хүмүүс оросын оператор компанийн үйлчилгээний төлбөрийг монгол төгрөгөөр хийх боломжтой болно. Компани Орос улстай он-лайн горимоор ажилладаг. Бүх терминалыг оросын системд холбох тул Монголд хийсэн төлбөрийг бодит цагийн горимоор ерөнхий баазаас харах боломжтой. Монгол улсад харилцаа холбооны энэ хэлбэр анх удаа нэвтрэрч байна. Монгол, Орос, Казахстан, Энэтхэг зэрэг улсад төлбөрийг бэлнээр хийдэг. Тэгэхлээр энэ мэт терминалууд их эрэлттэй байна. Хүн бүр шаардлагатай хэмжээгээр төлбөрөө өөрөө хийвэл илүү хялбар байна.  Интерфейс, бүх чек, зааврыг монгол хэлээр боловсруулсан. “Куюкпэймонголия” орос компани ч гэлээ, монгол ажилтнуудтай. “Номин”, “Сансар” зэрэг худалдааны сүлжээ, “Бөмбөгөр” бөөний худалдааны төвд 30 терминал байрлуулах гэрээнд гарын үсэг зурсан. Төлөвлөгөөгөөр Улаанбаатар хотод 200 хүртэл терминал суурилуулна. Одоо Булган аймгийн Хишигт-Өндөр сумын оршин суугч Ц.Даваасамбуугийн хүсэлтийг биелүүлье. Тэрээр хүү Туваансүрэн, Лхагвасүрэн, мөн Эрдэнэт хотод суугаа охин Сарангэрэл, мөн эгч Лхагвасүрэн, Оюундэлгэр, Нарангэрэл нарт ая дууны мэндчилгээ дэвшүүлжээ. Юлия Савичевийн “Би гудмаар алхаж байна” дууг хүргэе.  “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг үргэлжилж байна. ОХУ-ыгн засгийн газрын “Алтайн бүгд найрамдах улсад “Сайлюгемский” үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах” тухай захирамжийн дагуу Оросын Байгаль орчны яам төслийг боловсруулан, холбогдох яам тамгын газарт уялдуулахаар илгээжээ. Орос улсын Алтайн бүгд найрамдах улс, Монгол улсын Баян-Өлгий аймаг, БНХАУ-ын Шиньжаан Уйгурын автономит нутгийн Алтайн тойрог, Казахстаны Катон Карагайск болон Маркакольск нутаг багтдаг Алтайн уулын систеийн нутаг дэвсгэр, мөн хил дамнасан био мандалын нутаг дэвсгэрийн үзэл баримтлалыг харгалзан “Сайлюгема” цэцэрлэгт хүрээлэн байгуулах болсныг сануульяа. Энэ үзэл баримтлалыг дээр дурдсан орны төлөөлөгчид 2004 онд Урумчи хотод болсон зөвлөлгөөнөөр сайшаасан юм. Германы Байгаль орчныг хамгаалах Холбооны яам бүр 1992 онд “Алтай” био мандалын нутаг дэвсгэр байгуулах санаачилга гаргасан билээ. “Сайлюгем” дархан цаазат газар байгуулах талаар Кош-Агаск нутгийн оршин суугчдын дунд явуулсан судалгаагаар нутгийн оршин суугчид улсын байгалийн дархан цаазат газар байгуулахын эсрэг байна. Дархан цаазат газрын хатуу чанд журам эндхийн олонх хүн амын уламжлалт мал аж ахуйд саад болно гэж тэд тайлбарлаж байна. Үүнээс гадна дархан цаазат газар байгуулах нутаг дэвсгэрийн бараг 45 орчим хувь нь хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглаж байгаа нутгийн иргэдийн өмч байна. Үүнтэй холбогдуулан Алтайн бүгд найрамдах улсын засаг захиргаа хамгаалалттай нутаг дэвсгэрийн талбай, статусыг нэлээд багасгаж, бууруулжээ. Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн талбайг багасгаж, статусыг нь буруулсан, мөн алтайн засаг захиргаа дархан цаазат шинэ бүс байгуулахыг хүсэхгүй байгаа зэрэгт экологичид сэтгэл дундуур байна. Экологичид байр сууриа эргэн харахыг тус нутгийн засаг захиргаанаас удаа дараа хүссэн билээ. Харин засаг захиргаа экологийн байгууллагын саналыг сонсох бодолгүй байх шиг. Зарим нэг мэдээгээр Орос улсын ерөнхий сайд В.Путин энэ зун Алтайн бүгд найрамдах улсад айлчлахдаа, тус бүс нутгийн тэргүүн Александр Бердниковтой “Сайлюгема” байгалийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах асуудлыг хэлэлцсэн байна. Тусгай хамгаалалттай энэ бүсийг орос монголын хил, Хятадтай хиллэдэг хамгийн баруун хэсэгт байгуулахад геополитикийн хувьд ОХУ-д ашиггүй тул экологичдын энэ санал зохистой эсэхэд В.Путин эргэлзэж байгаа тухай эх сурвалжууд мэдээлжээ.  Дахин хөгжмийн завсарлага авцагаая. Өмнөговь аймгийн сонсогч Бямбажав, Улаанбаатар хотын сонсогч Ш.Цэнд, Ц.Рагчаа нар Алла Пугачевын уран бүтээлийг шүтдэг юм. Түүний дуулсан дууг сонсоно уу… “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг үргэлжилж байна. Улаанбаатар хотын сонсогч С.Дагвадорж, Өмнөговь аймгийн сонсогч Е.Бямбажав, Увс аймгийн Буруунтүрүүн сумын сонсогч Ш.Жамбалсүрэн нар байгаль, ургамал, амьтныг хамгаалах талаар Орос улсын авч байгаа арга хэмжээг өгүүлсэн нэвтрүүлэг сонирхолтой байгаа тухай захидалдаа тэмдэглэжээ. Өнөөдөр бид та бүхэнд цагаан баавгайн тухай өгүүлнэ. Өнөөдөд дэлхийн бөмбөрцөгт хэдэн төрлийн амьтан нутаглаж байгааг нарийн тооцох аргагүй. Дэлхийн бөмбөрцөг дээр 1,5 сая араатан амьтан нутагладаг тооцоо бий. Олон улсын улаан номонд устаж, үгүй болохоос хамгаалах шаардлагатай 12 мянган төрөл амьтан багтсан. Дэлхийн хамгийн том араатан цагаан баавгай улаан номонд орсон байдаг. Цагаан баавгай Арктик, Орос, Америкийн туйл орчмын нутагт нутагладаг. Энэ нутагт 2-2,5 мянган цагаан баавгай нутагладаг. Орос улсад энэ амьтныг агнахыг хуулиар хориглосон байдаг бол АНУ-д эсрэгээр зөвшөөрдөг. Москва хотноо саяхан цагаан баавгайн асуудлаар орос-америкийн комиссийн хурал болсон юм. Энэ хурал Орос, АНУ-д тулгарч байгаа бэрхшээлтэй асуудал буюу чукотк-аляскийн туйлын аварга амьтныг хамгаалах сэдвээр болсон юм. Цагаан баавгайд хор хохирол учруулах хүний хүчин зүйлийн сөрөг нөлөөг бууруулах нь гол асуудлын нэг байлаа. Чукотк-аляскийн цагаан баавгайг хамгаалж, ашиглах орос-америкийн гэрээ нь энэ төрөл амьтныг үр нөлөөтэй хамгаалахад чиглэсэн юм. Цаг уурын дулааралт энэ амьтны нутагладаг газар сөргөөр нөлөөлж байна. Цаг уурын дулааралтаас мөс туйлын зүгт хайлж байгаа нь цагаан баавгай, хав загас, бусад төрлийн далайн нохой зэрэг амьтанд таагүй байна. Манай гаригийн бүх агуу био олон төрлийг хамгаалах шаардлагатай байна. Био олон төрөл хорогдсоноос дэлхий ээлжит хямаралтай тулгарч байна гэж хэлж болно. Хүн төрөлхтний ирээдүйд хамаатай тул амьтан, ургамалын генийн санг хадгалах талаар хүн төрлхөтөн дорвитой тунгаах бодох хэрэгтэй.  Ингээд “Манай шуудагийн хайрцаг” нэвтрүүлэг өндөрлөе. Улаанбаатар хотын сонсогч Огторгун хүсэлтээр Д.Маликов, Анжелика Варум нарын “Шар навч” дууг хүргэе.  Эрхэм хүндэт сонсогчиддоо амжилт, зол жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе. Захиа бичээрээй! Бид та бүхний асуултуудад дуртайяа хариулж, хөгжмийн захиалгыг биелүүлнэ. Дэлхийн улс төрийн чухал үйл явдал болон орос-монголын харилцааны хегжлийн тухай тулгамдсан материал түүнчлэн “манай шуудангийн хайрцаг” нэвтруулгийг www.ruvr.ru сайтад монгол хэлнээ тавьж байгаад сонсогчдынхоо анхаарлыг ахин хандуулъяа.
<сонсох>