Орос улс батлан хамгаалах үйлдвэрлэлийн салбарыг шинэчлэх чухал шатанд байна. Салбарын инновацийг хөгжүүлэх шинэ бүтэц 11-р сарын эцэст бий болно гэж Орос улсын засгийн газрын дэд сайд Сергей Иванов цэрэг-аж үйлдвэрлэлийн комиссийн хуралдааны үеэр мэдэгдэв. Шинэ бүтцийг нэрлэж байгаа Батлан хамгаалах-үйлдвэрлэлийн салбарын ажлын хэсэг Батлан хамгаалахын оюуны, байгууллага, материалын нөөц, оросын бүх хэлбэрийн өмчтэй байгууллагыг нэгтгэнэ. Батлан хамгаалах салбарыг орчин үеийн шаардлагад нийцүүлэх Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн шийдвэрийн хүрээнд шинэ бүтцийг боловсруулж байна. Төрийн тэргүүн 10-р сард Москва орчмын “НПО машин-угсралт” байгууллагад очихдоо, арми, флотын техникийг шинэчлэх зорилт батлан хамгаалах-үйлдвэрлэлийн салбарын дээд зэргийн үр өгөөж, эдийн засгийн үр нөлөөнөөс их хамаарна хэмээн мэдэгдсэн юм.  Энэ асуудлыг шийдэх арга замын нэг нь батлан хамгаалах-үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх улсын холбогдох зорилтот хөтөлбөрийг батлах явдал юм. Хоёр дахь чухал зүйл нь байгууллага, компанийн удирдлага үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах арга хэмжээ авах шаардлагатай.  Эдийн засгийн бодит байдал төдийгүй үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс батлан хамгаалах-үйлдвэрлэлийн салбарыг шинэчлэхээр шийдсэн. Салбарыг шинэчлэх ажлын хэсэг оросын армийг орчин үеийн зэвсэг, цэргийн техникээр өвч зэвсэглэх олон үүрэг хүлээж байна. Орос улс гадаадын улс оронтой хамтран шинэ зэвсэг бүтээж, үйлдвэрлэх, мөн тэдэнтэй тогтоосон цэрэг-техникийн харилцааг ажлын хэсэг хянана. Салбарыг шинэчлэх бүх ажлыг Ажлын хэсэг зохицуулахаар заасан нь чухал хэмээн “Үндэсний батлан хамгаалах салбар” сэтгүүлийн ерөнхий редактор Игорь Коротченко итгэлтэй байна. Бидэнд байдлыг өөрчлөх шийдвэр шаардлагтай болох нь илт байна. Учир нь өнөөдөр төр засаг батлан хамгаалах салбарт их хэмжээний хөрөнгө зарж байна. Ямар ч практик үр дүнгүй, хэдэн жилээр үргэлжилдэг эрдэм-шинжилгээ судалгаа, зохион бүтээх-туршилтын ажилд мөнгө зарж байна. Ямар нэг юм хийх шаардлагатай. Үүний тулд ерөнхийлөгч Д.Медведев холбогдох хүчин чармайлт тавьж байна. Шинэ бүтэц шууд эх сурвалжаас ерөнхийлөгчийг мэдээллээр хангана. Энэ бүтцийн дэргэд батлан хамгаалах тэргүүлэх байгууллагын гол зохион бүтээгчдийн зөвлөлийг байгуулах ёстой. Ингэснээр ерөнхийлөгч тэдэнтэй шууд ярилцаж, мэдээдэл авч, ажлын бодит байдлыг мэдэх болно.  Батлан хамгаалах-үйлдвэрлэлийн салбарыг шинэчлэх ажлын үр дүнг оросын иргэд тун удахгүй дүгнэх боломжтой болно. Ерөнхийлөгчийн бодож тооцсоноор 2012 онд оросын арми, флотын зэвсэглэлийг шинэчлэхэд “дорвитой алхам” хийх ёстой. Орос улс батлан хамгаалах салбарыг орчин үеийн байдалд нийцүүлснээр үндэсний аюулгүй байдлын стратегийг сайжруулж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, дэлхийн зэвсгийн зах зээлд байр сууриа бэхжүүлнэ.