Орос улсад 11-р сарын 9-өөс А/Н1N1 томуугийн эсрэг хүн амыг бөөнөөр вакцинжүүлнэ. Өвчлөл тахлын босго давсан бүс нутгийн оршин суугчдад юуны түрүүнд вакцин хийнэ. Тухайлбал Өвөрбайгал, Красноярскийн хязгаар, Алс Дорнод, лхагва гаригт онц байдал тогтоосон Буриадын оршин суугчдад юуны түрүүнд вакцин хийнэ. Урал орчмын Уфа хотод оросын мэргэжилтнүүд 500 мянган тун вакцин бүтээсэн байна. Оны эцэст 6 сая орчим вакцин үйлдвэрлэнэ. Вакциныг эмнэлэгт хүнд туршихад сөрөг нөлөөгүй болохыг тогтоосон. Сүүлийн үеийн мэдээгээр Орос улсад “гахайн томуугаар” 3122 хүн өвдөж, 14 хүн нас баржээ.