Орос улс өнөөдөр Ардын эв нэгдлийн өдөр улсын баяраа тэмдэглэж байна. Нижгородын худалдаачин Кузьма Минини болон Суздалийн гүн Дмитрий Пожарский нарын удирдлаганд ардын журамт цэрэг 1612 онд Москва хотыг польшийн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн ялалтыг тохиолдуулан энэ баярыг тэмдэглэдэг юм.  Энэ үйл явдал Их самууныг эцэслэж, орос улс байгуулах эхлэлийг тавьсан юм. Улс орны түүхэнд тохиосон тэмдэглэлт үйл явдлыг 1917 онд хувьсгал гарах хүртэл Орос улсад тэмдэглэж байв. Харин 2005 оноос энэ өдрийг хуанлид улаанаар тэмдэглэх болжээ. Тэр үед 11-р сарын 7-нд тэмдэглэдэг баярыг 4-нд шилжүүлсэн нь Аугаа их Октябарийн социалист хувьсгалын ойг тэмдэглэхээс зайлсхийхийн тулд ийнхүү шийджээ. Зөвлөлт засгийн жилүүдэд оросын иргэд 11-р сарын эхний 10 хоногт амарч заншсан тул нэг баярыг нөгөөгөөр солихоор шийдсэн юм. 11-р сарын 4-ий өдөр ард түмний нэгдлийн бэлэг тэмдгийн баяр юм. Нийгмийн байдал, шашин шүтлэг, гарал үүслээс үл хамааран Оросын ард түмэн эвлэлдэн нэгдэн, эр зориг гаргасны ачаар 1612 оны чөлөөлөх дайнд ялсан юм. Энэ өдөр ардын баяр болгон тэмдэглэх болсон бас нэг шалтгаан нь Орос улсын өмгөөлөн хамгаалагчийн нэг Казанийн шүтээн дарь эхийн баярыг эрт дээрээс энэ өдөр тэмдэглэж заншсан явдал юм. Харийн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэхээр Орос улсад байгуулсан журамт цэргийн хууранд 1611 онд энэ шидэт шүтээнийг авчирч, дайсанд эзлэгдсэн Новодевичийн сүмийг чөлөөлсөн гэж түүхч Анна Хорошкевич ярьж байна.
Пожарский 1612 оны 3-р сард өөрийн цэргээ бүрдүүлж байсан Ярославль хотод энэ шүтээнийг авч явжээ. Энэ шүтээн ард түмний эвлэлдэн нэгдэх бэлэг тэмдэг болсон юм. 17-р зууны 30-аад онд Казанийн шүтээн Дарь эхийн ид шидийг шүтэж, Москвагийн хаант улсын өмгөөлөн хамгаалагч гол шүтээний нэг болсон юм.  Ард түмний эв нэгдлийн баярыг 5 жил тэмдэглэж байгаа ч, хараахан дадаагүй байна. Орос улсад үүнийг янз бүрээр хүлээж авдаг. Зарим хүмүүс Казанийн шүтээн дарь эхийн баярын өдөр гэж үздэг. Нөгөө хэсэг нь энэ өдөр оросын орчин үеийн нийгэм эв нэгдэлтэй эсэхийг тунгаан боддог. Өнөөдөр баярын гол арга хэмжээний нэг нь 20-р зууны эхэн үеийн хувьсгал, иргэний дайнд амь үрэгдсэн хүмүүсийн хойтын буян үйлдэнэ. Үүнд улаантан, цагаантны үр сад оролцоно. Амь үрэгдэгсдийг амирлуулахад хамтдаа дурсгалыг нь хүндэтгэж, тэдний дурсгалыг хүндэтгэж байгаа нь тэмдэглэлт үйл явдал билээ.