Ураныг нэмж баяжуулах МАГАТЭ-ийн саналын талаар Ираны анхны байр суурь энэ саналыг санаачилсан Орос, Франц, АНУ-ын сэтгэлд нийцэхгүй болов уу хэмээн америкийн “Вашингтон пост” сонин өнөөдөр бичжээ. МАГАТЭ-ийн дэргэдэх Ираны төлөөлөгч Али Ашгар Солтанийе тус агентлагийн ерөнхий захирал Мохаммед аль-Барадэйд агуулгыг нь задлахгүй байгаа Тегераны урьдчилсан хариуг дамжуулжээ. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дурдсанаар тус улс цөмийн түлшний асуудлаарх МАГАТЭ-ийн төсөлд хоёр чухал өөрчлөлт оруулах бодолтой байна. Нэг нь ураныг гадаадад нэг бус хэд хэдэн шатаар нийлүүлэх. Нөгөө нь зэрэг солилцох буюу бага түвшинд баяжуулсан ураныг тус улсын нутаг дэвсгэрээс гаргах үед Тегеран түлш хүлээж авч байх юм. МАГАТЭ-ийн ивээлд Иран, Орос, Франц, АНУ-ын төлөөлөгчдийн тохиролцсон гэрээний төсөлд зааснаар иранаас 1200 кг ураныг Орос улсад нэмж баяжуулахаар тусгажээ. Дараа нь Францад үүнийг америк технологийн дагуу цөмийн түлш бэлтгэнэ. Иран уран баяжуулах өөрийн технологитой болбол энэ улс атомын бөмбөг бүтээх чадалтай болно хэмээн олон улсын хамтын нийгэмлэг эмээж байна.