Хэлмэгдүүлэлтийг зөвтгөх аргагүй. Хүний амь наснаас илүү үнэ цэнэтэй зүйл байхгүй хэмээн Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев дүрс бичлэгийн блогтоо мэдэгдэв. Орос улсад 10-р сарын 30-нд тэмдэглэдэг улс төрийн хилс хэрэгт өртсөн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх өдөрт зориулан төрийн тэргүүн дүрс бичлэгтээ ийм илгээлт тавьсан байна. Төрийн дээд зорилгоор энэ олон сая хүнийг хэлмэгдүүлсэн гэхийг өнөө хир сонссоор байна гэж Д.Медведев тэмдэглэв. Гэхдээ хүний уй гашуу, амь насаар улс орныг хөгжүүлэх аргагүй гэдэгт ерөнхийлөгч итгэлтэй байна. Түүхэн шударга ёсыг сэргээх нэрийдлээр ард түмнээ хөнөөж байсан хүмүүсийг зөвтгөх ёсгүй гэж оросын удирдагч үзэж байна. Улс төрийн хэлмэгдэгсдийн өдрийг тохиолдуулан өнөөдөр Москва хотын Лубянскийн талбай, хуучин ЗХУ-ын зарим бүгд найрамдах улсад хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, бусад арга хэмжээ болж байна. Сүүлийн үеийн судалгаагаар 20-р зууны 20-50-иад онд ЗХУ-д улс төрийн шалтгаанаар 50 сая гаруй хүн хэлмэгдэж, 1 сая хүнийг буудан хороожээ.