“Хэлмэгдүүлэлтийг зөвтгөх аргагүй. Хүний амь наснаас илүү үнэ цэнэтэй зүйл гэж байхгүй” хэмээн Орос улсын ерөнхийлөгч өөрийн дүрс бичлэгийн блогтоо мэдэгдэв. Орос улсад 10-р сарын 30-нд улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэдэг. Ерөнхийлөгч энэ сэдвээр дүрс бичлэгээр байр сууриа илэрхийлжээ. Иосиф Сталины эмгэнэлт жилүүдийг даван туулсан улс орны хувьд энэ өдөр ихээхэн чухал ач холбогдолтой юм.  Өнөөдөр улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүсийн дурсгалын өдөр. Хуанлид энэ өдрийг тэмдэглэснээс хойш 17 жил болжээ. Үндэсний эмгэнэл нь ялалтын тухай дурсамжийн адил ариун дурсамж гэдэгт би итгэлтэй байна. Залуус түүхийн мэдлэгтэй байгаад зогсохгүй Орос улсын түүхийн аймшигт эмгэнэлийн нэг хэлмэгдүүлэлтийг сэтгэл зүрхээрээ мэдрэх иргэний зүрх сэтгэлтэй байх нь нэн чухал юм. 10-р сарын 30-ны өдөр бол хувь заяаг нь зэрэмдэглэсэн олон сая хүнийг дурсах өдөр болохыг ерөнхийлөгч нэг бус удаа сануулж байсан. “Шүүх, хэргийг мөрдөн шалгалгүй буудан хороосон хүмүүсийн тухай, “нийгмийн байдал”, эсвэл “тогтоосон үйл хэрэг эрхлээгүй” шалтгаанаар иргэний эрхийг нь хасч, цөллөг, хуаранд илгээсэн хүмүүсийн тухай” энэ өдөр дурсдаг. Оросын нийгэм хэлмэгдүүлэлтийн тухай, мөн хэлмэгдүүлэлтийн эсэргүүцэж байсан хүмүүсийн талаар бүх үнэн мөнийг санаж, мэдэж байх ёстой. Зөвлөлтийн үед энэ хүмүүсийг тэрс үзэлтэн, гаж сэтгэгчид хэмээн нэрлэж, хөөж туун, шоронд хорьж байсан. Эрх чөлөөгүй байсан ч тэд дэглэмийн эсрэг тэмцэхээс эмээгээгүй. Зөвлөлтийн хүний эрхийн төлөө тэмцэгч Кронид Любарский 1974 оны 10-р сарын 30-нд Пермь болон Мордовын засан хүмүүжүүлэх газар хоригдлуудыг хамарсан өлсгөлөн зохион байгуулсан юм. Хоригдлууд ийм байдлаар анх удаа “Улс төрийн хилс хэрэгт өртсөн хүмүүсийн өдрийг” тэмдэглэсэн юм. Зөвлөлтийн хүний эрхийг хамгаалагч Сергей Ковалевын олон нийтийн дунд тарааж байсан мэдээллийн хуудас энэ эсэргүүцлийн аяны цорын ганц дуу хоолой болж байлаа. Төр засгийн эсэргүүцлийг үл хайхран улс төрийн хилс хэрэгтнүүдийн өдрийг жил тутам шоронд тэмдэглэх болжээ. Харин 1980-аад оны эцэст илүү өргөн хүрээг хамарч, ЗХУ-ын бараг бүх бүгд найрамдах улсад эсэргүүцлийн арга хэмжээ зохион явуулах болсон юм. Орос улсад цагаатгалын хууль батлах үеэр буюу 1990-ээд оны эхээр хэлмэгдүүлэлтийн тухай асуудлыг ил тод ярих болсон юм. Хуулинд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүст сэтгэл санааны болон материаллаг нөхөн төлбөр олгож, иргэний эрхийг нь сэргээхээр тусгажээ. Зарим мэдээгээр 10 сая орчим хүн хэлмэгдсэн юм. Хүний эрхийг хамгаалах “Мемориал” нийгэмлэгийн түүх-соён гэгээрүүлэх ГУЛАГ-ийн архивын дарга Алена Козлова энэ өдрийн тухай ярьж байна:  10-р сарын 30-ын өдөр Орос улсад нэн чухал өдөр юм. Учир нь энэ өдөр улс орны өнцөг булан бүрт хэлмэгдэгсдийг эргэн дурсаж, тэдний төлөө ямар нэг зүйл хийдэг. Тухайлбал хэлмэгсдийг оршуулсан газар очиж, дүүргийн номын санд хурал зохион байгуулж, цагаалга зэргийг зохион байгуулдаг. Энэ өдөр нас дээр гарсан хэлмэгдсэн хүмүүс цуглаж, ижил хувь заяа, алдаж хохирсноо ярьдаг. Хэлмэгдсэн хүмүүс ямар хүнд үеийг даван туулсныг олон нийт мэдэх нь чухал билээ. Москва хотын Лубянскийн талбайд улс төрийн хилс хэрэгт өртсөн хүмүүсийн дурсгалд өнөөдөр зохион байгуулах цуглаан нь “Мемориал” нийгэмлэгийн өчигдөр зохион байгуулсан “Нэр хүндийг нь сэргээх” арга хэмжээний зохистой үргэлжлэл болж байна. Цуглааны үер Сталины дэглэмийн залхаан цээрлүүлэх бодлогод өртсөн хүмүүсийн нэрсийг дурдсан юм. ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх хүний эрхийн асуудал эрхэлсэн бүрэн эрхт төлөөлөгч, омбудсмен Владимир Лукин үүнд оролцжээ.