Орос улсын банк арилжааны банкуудад олгох зээлийн хүүгийн хувь хэмжээг анх удаа 10 хувиас буурууллаа. Энэ хувь хэмжээ 10-р сарын 30-нд хагас хувиар буурч, жилийн 9,5 хувь болж байна. Энэ сард инфляц байхгүй тул ийм арга хэмжээ авсан тухай Төв банк уламжлав. Орос улсын шинэ түүхэнд Төв Банкнаас тогтоосон хүүгийн хамгийн бага хувь хэмжээ энэ юм. Он гарсаар Төв банк жилийн 13 хувь байсан зээлийн хүүгийн хувь хэмжээг энэ жил 8 дахь удаа ийнхүү бууруулж байна. Хүүгийн хувь хэмжээг ийнхүү бууруулснаар байгууллага аж ахуйн нэгж, хүн амд олгох зээлийн хүүгийн хувь багасч, хямарлын дараах эдийн засгийн өсөлтийг идэвхжүүлнэ гэж үзэж байна.