Стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай шинэ гэрээг бэлтгэх асуудлыг хэлэлцэхээр АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх, генерал Жеймс Жонс 10-р сарын 28-нд Москва хотод хүрэлцэн ирлээ. Оны адагт Орос, АНУ шинэ гэрээнд гарын үсэг зурна. “Карибийн хямарал” хэмээн түүхэнд үлдсэн 47 жилийн тэртээх үйл явдал багагүй нөлөөлсөн энэ талбарт тохиролцоонд хүрэх шаардлагатай. Тэр үед дэлхий ертөнц дэлхийн шинэ дайн буюу хямаралд ойрхон байсан.
Карибийн хямарал “хүйтэн дайны” үзэл санаагаар өрнөсөн. Туркт америкийн пуужинг байрлуулж, Кубад 1962 онд америкийн цэрэг цөмрөх аюул нүүрлэхэд зөвлөлт засаг тэнд пуужингийн баазаа байрлуулахаар шийдсэн юм. Энэ үеэр харвах төхөөрөг, цөмийн цэнэгт хошуу, бусад зэвсгийг дээд зэргийн нууцаар Кубад илгээсэн байна. Америкийн тагнуул 1962 оны 10-р сарын 14-нд агаараас хэд хэдэн зураг авсан нь зөвлөлтийн пуужинг Кубад байрлуулсныг баталсан юм. Вашингтон дараагийн алхам хийсэн. Аралд цэрэг-тэнгисийн бүслэлт хийснийг зарласан. Бүх хөлгийг америкчүүд шалгаж, татгалзсаныг саатуулж байв. Энэ нь төвийг сахисан усны талаарх олон улсын хуулинд харшилж байгааг зөвлөлтийн удирдагч Никита Хрущев АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннедид зориуд хэлж байсан. Хоёр орны удирдагч аюул занал болон тулган шаардлагыг харамгүй урсгасан захидал солилцож байв. Нөхцөл байдал хурцдаж байлаа. 10-р сарын 27 Карибын хямарлын “хар бямба” гариг байсан юм. Тэр өдөр америкийн нисэх хүчин урьдын адил сүрдүүлэх зорилгоор Кубын дээгүүр ниссэн юм. Тэгэхэд тагнуулын нэг нисэх онгоц суманд өртөж, нисэгч нь амь үрэгджээ. Азаар зөрчлийн цорын ганц хохирогч нь тэр байсан юм. Харин энэ үйл явдал үг хэлээр дайтах үе өнгөрснийг харуулсан. Дэлхий ертөнц дайны ирмэг дээр байв. Зөрчлийн гол этгээд Хрущев болон Кеннеди нар үүнийг маш сайн ойлгож байлаа. Нэн даруй ямар нэг шийдвэр гаргах хэрэгтэй байв. Зөвлөлтийн удирдлага дипломат практикт төсөөлөхийн аргагүй алхам хийсэн юм. ЗХУ-ын байр суурийг нэн даруй АНУ-д хүргэх, дипломат цахилгааныг тайлж, уншихад цаг алдахгүйн тулд Москвагийн олон улсын радиогоор Никита Хрущевын АНУ-ын ерөнхийлөгчид хандсан илгээлтийг дамжуулсан билээ. Тэрээр Кубад зөвлөлтийн пуужин байгааг хүлээн зөвшөөрч, АНУ тэнгисийн бүслэлтээ цуцалж, Кубад дайрах төлөвлөгөөнөөсөө татгалзаж, Турк дахь пуужингийн төхөөргөө булгасны хариуд тус арлаас пуужингаа татана хэмээн амлажээ. Тэр өдрийн орой Вашингтоноос хариу ирсэн юм. АНУ бүслэлтээ цуцалж, Эрх чөлөөний арлын тусгаар тогтнолыг хүндэтгэхээр зөвшөөрсөн байна. Үүний дараа зөрчлийн хурцадмал байдал намжиж эхэлсэн юм. Зөвлөлт засаг 10-р сарын 28-нд Кубад байрлуулсан зэвсгээ ЗХУ-д буцааж татах тушаал өгсөн тухай мэдэгджээ.
Турк дахь америкийн пуужингийн тухайд хэрхэсэн бэ? Энэ тухайд ч тохиролцоонд хүрсэн. АНУ хоёр сарын дотор Туркээс пуужингаа татаж, үүнийг Итали, Японд байрлуулахаас татгалзах үүрэг хүлээсэн юм. Гэхдээ нууц гэрээ байгуулсан билээ. АНУ-д сонгууль дөхөж, Кеннеди дэмжигчээ алдахыг хүсээгүй тул америкийн тал ийм гэрээ байгуулахыг онцлон шаардсан юм. Зөвлөлтийн удирдагч үүнийг олон нийтэд задлахгүй байхыг зөвшөөрсөн байна. Тиймээс дипломат харилцаанд ЗХУ энэ зөрчилд ялсан гэж олон жил үзэж байсан байж магадгүй юм. Зөрчил, нөхцөл байдлын шалтгааныг мартдаг үе байдаг гэж АНУ болон Канадын хүрээлэнгийн дэд захирал Павел Золотарев ярив.
Энэ хямарлаас гарсан үр дүн ой тойнд үлдсэн нь тохиолдлын хэрэг биш ээ. Ирээдүйн аюулгүй байдалд хамгийн гол нь ямар ч хүнд нөхцөлд удирдлагууд “хүйтэн дайны” үед ч тэр ухар мөчид алхам хийхээс зайлсхийх чадвартай байх нь нэн чухал юм. Ямар үйлдлийн хариуд Кубад пуужин байрлуулсан, суртал ухуулгын энэ ажиллагаанд хэн ялсан зэрэгт холбоотой бусад асуудал огт хуулийн эрхгүй юм. Хамгийн гол нь энэ хямарлаас сургамж авсан нь чухал хэмээн Стратегийн үнэлгээний хүрээлэнгийн ерөнхийлөгч Александр Коновалов итгэлтэй байна.
Дэлхий ертөнц цөмийн хямарлын бодит ирээдүй нүүрлэж байсан улаан шугамд анх удаа дөхөж очсон. Харилцан цөмийн цохилт өгсөн бол ялагч гэж байхгүй байх байсан. Үүний дүнд бид цэргийн ямар хүчин чадалтай, үүнд хэр болгоомжтой харилцах шаардлагатай болохыг ойлгосон. Стратегийн тогтвортой байдал гэсэн ойлголт хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй. Нэг нь цэргийн хэрэгсэл. Өөрөөр хэлбэл бидний эзэмшиж байгаа, мөн ашиглаж болох зэвсэг билээ. Хоёр дахь нь бид энэ зэвсгийг хэрхэх гэж байгаа тухай манай дайсны төсөөлөл юм. Хоёр дахь бүрэлдэхүүн хэсэг нь заримдаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Учир нь дайснаа айлган сүрдүүлэх бус өөрт тань ухар мөчид санаа байхгүй болохыг түүнд ойлгуулах хэрэгтэй. Тэр ч тийм бодолгүй болохоо ойлгуулах учиртай.
Карибийн хямарлаас зэвсэглэлд шинэ төрлийн зэвсэг оруулахад дэлхийн гүрнүүд гадаад улс төрийн стратегиа үндсээр нь харах юуны түрүүнд дурын сөргөлдөөнөөс татгалзах хэрэгтэй болохыг ойлгуулсан. Карибийн түүхийн үргэлжлэл нь 1963 онд гурван орчинд цөмийн туршилтыг хориглох тухай гэрээ, 1964 онд цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээ байгуулсан юм. “Харилцан цөмийн цохилт өгөх” үр дагавар, “цөмийн өвлийн” үр нөлөөг нээх асуудлыг эрдэмтэд эрчимтэй хэлэлцсэн юм. Цөмийн зэвсгийг хүн төрлөхтний зэвсгээс хасах ёстой байсан. Гэсэн ч өнөө хэр энэ асуудлыг хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнөөс хасаагүй л байна.