Иран гадаадад ураныг нэмж баяжуулах саналд ойрын үед буюу баасан гаригаас өмнө хариу өгнө. Венад болж байгаа яриа хэлэлцээнд ойрхон мэдээллийн эх сурвалжаас иш татан Ираны “Пресс ТВ” телевиз энэ тухай мэдэгдэв. Европын Холбооны дипломат хүрээнийхний үзэж байгаагаар 10-р сарын 30-нд шийдвэрийг танилцуулна. Тегеран мягмар гаригт МАГАТЭ-ийн “ураны” багц саналыг түүнд чухал өөрчлөлт оруулах болзолтой хүлээн зөвшөөрчээ. МАГАТЭ-ийн боловсруулсан төлөвлөгөөнд Ираны ураныг Орос улсад нэмж баяжуулж, дараа нь Тегераны судалгааны реакторт шаардлагатай түлш бүтээхээр Францад илгээх юм. Ингэснээр өрнөдийнхөн Ираны атомын хөтөлбөр энхийн шинжтэй гэдэгт итгэнэ гэж шинжээчид тэмдэглэж байна.