Орос улсад А/Н1N1 томуугаар нас барсан дөрвөн тохиолдлыг албан ёсоор бүртгэжээ. Вирусын улмаас Москва хотод нэг эмэгтэй, мөн Өвөрбайгальд 3 эмэгтэй нас барсан байна. Нас барсан хүмүүс өөрсдийгөө эмчилж, нэлээд хожуу эмчид хандсан гэж Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн яамнаас уламжлав. Өнөөгийн байдлаар Орос улсад “гахайн томуугаар” 1349 хүн өвджээ. Ихэнх тохиолдолд гадаадаас ирсэн хүмүүс вирусээр халдварласан байна. Өвчтэй хүмүүсийн тоо ихсэж магадгүй хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байгаа тул оросын хүн амыг 11-р сараас вакцинжуулж эхэлнэ. ДЭМБ-ын сүүлийн мэдээгээр дэлхийн хэмжээнд А/Н1N1 томуугаар 5 мянга орчим хүн амь насаа алджээ.