Энэтхэгийн өмнөд хэсгийн Бангалор хотод Орос, Энэтхэг, Хятад /РИК/ улсын Гадаад хэргийн сайд нарын уулзалт боллоо. Гурван орон Афганистанд тогтвортой байдлыг сэргээх, мансууруулах бодисын аюул заналыг арилгах сонирхолтой төдийгүй энэ улсын нийгэм-эдийн засгийг сэргээх бодолтой байгаа тухай ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров уулзалтын төгсгөлд мэдэгдэв. “Гурван орон мансууруулах бодисын наймаатай тэмцэхэд олон улсын хамтын ажиллагааны хүчин чармайлтыг өргөжүүлэх шаардлагатай гэдэгт санал нэг байна.”Яриа хэлэлцээний үеэр энэ сэдэвт онцгой анхаарал хандуулсан гэж Сергей Лавров тэмдэглэв. Бүс нутгийн асуудлуудаас Афганистаны байдалд бид онцгой анхаарал хандуулсан. Энэ нөхөрсөг оронд болж байгаа бүхэн бидэнд хамаагүй биш ээ. Москва хотод энэ оны 3-р сард болсон Афганистаны асуудлаарх ШХАБ-ын тусгай бага хурлаар баталсан тэр шийдвэрийг харгалзан бид энэ чиглэлд цаашид ажиллана.  Яриа хэлэлцээнд оролцогч хүмүүсийн үзэж байгаагаар Дэлхийн хоёрдугаар дайны дараа тогтсон дэлхийн бүтэц өнөөгийн бодит байдалд нийцэхгүй болохыг дэлхийн санхүү-эдийн засгийн хямарал харуулсан гэж Сергей Лавров тэмдэглэсэн юм.  Орос, Энэтхэг, Хятад улс эдийн засаг, валют, санхүү болоод олон улсын аюулгүй байдлыг хангахад олон төвт, илүү ардчилсан, олон улсын шударга систем тогтоох ерөнхий хүчин чармайлтын хүрээнд үйл ажиллагаагаа зохицуулахаар тохиролцсон байна. Эрчим хүчний салбарт харилцан ашигтай харилцаа тогтоох замаар гурван талын хамтын ажиллагаа улам хүчирхэгжинэ. Эрчим хүчний асуудлыг нийлүүлэгч, мөн хэрэглэгчийн урт хугацааны ашиг сонирхолын хүрээнд хэлэлцэх шаардлагатай хэмээн уулзалтын төгсгөлийн мэдэгдэлд дурдсан байна. Москва, Дели, Бээжин эрчим хүчний зах зээлд нээлттэй, ил тод, өрсөлдөх чадвартай байсны үндсэн дээр хамтран ажиллах бодолтой байна. РИК-ийн хүрээнд тодорхой чиглэлийн практик хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байна гэж Сергей Лавров тэмдэглэв. Хөдөө аж ахуй, эрүүл мэнд, Онц байдлын яамны шугамаар гурван талын шинжээчдийн механизм ажиллаж байна. Гурван орны бизнесийн хүрээнийхний уулзалтыг тогтмол зохион байгуулж байна. Бангалорт болсон уулзалтад оролцогчид РИК бол хэдийн тогтсон олон улсан формат хэмээн мэдэгдэв. Үүний үнэ цэнэ нь юуны түрүүнд олон туйлт ертөнцийг цогцлуулахад чухал хүчин зүйл болох харилцан итгэх түншлэлийг бэхжүүлэх үр нөлөөтэй механизм билээ. Гурван талын хамтын ажиллагаа Орос, Энэтхэг, Хятадын ард түмний үндсэн ашиг сонирхолд түшиглэж байна.