Саяхан Санкт-Петербург хотноо болсон “Орос-Монгол: түүх-соёлын хамтын ажиллагаа өнгөрсөн болон одоо” олон улсын анхны эрдэм шинжилгээ-практикийн бага хурал боллоо. Нева мөрний эрэг дээр орших хотын Монголын анд нөхдийн нийгэмлэг энэ бага хурлыг зохион байгууллаа. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович олон нийтийн энэ байгууллагын дарга Сергей Евстафьеватай утсаар холбогдсон юм. Тэрээр ярихдаа: Халх голд болсон цэргийн ажиллагааны 70 жилийн ойд зориулсан энэ бага хурлыг зохион явуулсан. Монголын анд нөхдийн нийгэмлэгийн үйл ажиллагаа 15 жил завсарлаад, сэргэсний дараа өнгөрсөн жил бид энэ бага хурлыг зохион явуулахаар шийдсэн билээ. Энэ бидний зохион байгуулсан анхны томоохон хэмжээний арга хэмжээ юм. Санкт-Петербург хотноо Дорно дахины олон судлаач байдаг. Дэлхийд нэр нь түгсэн монгол судлаачид тэнд ажилладаг. Тэдний олонх нь бага хуралд дуртаяа оролцсон. Тухайлбал Монголд бүхний сайн танил Дорно дахины судлаач, хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн, Санкт-Петербургийн Дорно дахины факультетын монгол болон төвд судлалын тинхимийн доцент Мария Петрова “Халх гол орчин үеийн монголын яруу найрагт” илтгэл тавьсан бол, Оросын шинжлэх ухаан академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн төвд болон монгол судлалын салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ирина Кульганек “Монгол, Буриадад Халх голын тухай дурсамж: Лувсандоржийн Гэлэнбаторын хувь заяа” илтгэл тавив. Бага хурлын хүндэт зочин Монгол улсын Түүхийн ухааны академийн хүрээлэнгийн захирал Ч.Дашдаваа Халх голын тулалдааны түүхийн судалгаа сэдвээр мөн илтгэл тавилаа. Монголын Архивын удирдлагын газрын эрдэм шинжилгээний ажилтан, түүхийн ухааны дэд эрдэмтэн Д.Батжаргал сонирхолтой мэдэгдэл хийв. Энэ нь орос-монголын соёлын харилцаанд хамаатай юм. Бага хурлын үеэр янз бүрийн сэдвээр 15 илтгэл тависан. 
Монгол төдийгүй оросын нэрд гарсан эрдэмтэд бага хурлын хүндэт зочин байлаа.  ЗХУ-ын хоёр удаагийн баатар, Монгол улсын баатар сансрын нисэгч, Москва дахь Монголын анд нөхдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Виктор Горбатко бага хуралд ирсэн юм. Монголын сансрын нисэгч ЗХУ-ын хоёр удаагийн баатар, Монгол улсын баатар Ж.Гүррагчаагийн хамт сансарт ниссэн Владимир Жанибеков мөн бага хуралд ирсэн. Мөн Монголын анд нөхдийн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч В.Бабушкин бага хуралд оролцжээ. Москвагаас ирсэн анд нөхөдтэйгээ бид хоёр нийгэмлэгийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэж, хүндэт зочдод Санкт-Петербургийн үзэсгэлэнт газруудыг сонирхуулсан. Монголын төлөөлөгчид сэтгэл хангалуун байсан. Тухайлбал ноён Дашдаваа бага хурал зохион байгуулсан хүмүүст элгэмсэг дотно үг хэлж, бага хурлыг жил тутам зохион явуулах санал тавьсан юм. Ингэснээр хоёр орны эрдэмтэд бие биенийхээ судалгааны талаар мэдээлэлтэй байна. Санкт-Петербургийн Монголын анд нөхдийн нийгэмлэгийн ерөнхий хорооны хурлаар бид энэ асуудлыг хэлэлцэнэ.  Санкт-Петербургийн Монголын анд нөхдийн нийгэмлэгийн дарга Сергей Евстафьевтай хийсэн ярилцлагыг хүргэлээ.
<сонсох>