Дэлхийн радио долгионоор энэ үгийг хэлснээс хойш 80 жил болжээ. Өнөөдөр энэ үгийг дэлхийн янз бүрийн тивд гадаадын янз бүрийн хэлээр өдөр бүр сонсож байна.  Эрхэм радио сонсогчид оо, та бүхэнд “Оросын дуу хоолой” радиогийн 80 жилийн ойд зориулсан цуврал нэвтрүүлгийн ээлжит дугаарыг хүргэе. Энэ нэвтрүүлгийг манай сэтрүүлч Ким Ральдин бэлтгэж, хөтөлж байна.
Таныг долоон настай байхад амьдрал уужим, харин 80 настай байхад өчүүхэн мэт санагдана. Амьдрал тасралтгүй үргэлжилнэ. 80 жил гэдэг түүхийн хувьд багагүй хугацаа. Аливаа ой туулсан зам, хийж бүтээснээ эргэцүүлэн бодох, үзэж, сонссоноо дурсан санах шалтаг байдаг. Би амьдрал, мэргэжлийн үйл хэргээ Монголд нэвтрүүлгээ цацдаг Москвагийн радиотой холбосондоо хувь заяатай хэрэг хэмээн үздэг. Өдгөө би 75 настай гадаадад нэвтрүүлэг цацдаг радиотой үе тэнгийн гэж хэлж болно. Радиогийн барилга орших Пятницкийн гудамж, 25-р байшинд 40 гаруй жил очиж байгаадаа бахархадаг. Москвагийн радио бол миний хоёр дахь гэр. 1950-иад онд барьсан 9 давхар байшин ариун газар билээ. Байшин барьснаас хойш гадаадын оронд нэвтрүүлэг цацдаг Оросын “радиогийн” гол гал тогоо бүрэлдсэн юм. 1929 оны 10-р сарын 29-нд “Москвагаас ярьж байна” хэмээн герман хэлээр нэвтрүүлэг цацаж эхэлсэн. Энэ өдөр гадаадад нэвтрүүлэг цацдаг манай радио мэндэлсэн юм. Байгуулагдсан цагаасаа Москвагийн радио герман, франц, англи зэрэг европын ердөө гурван хэлээр нэвтрүүлэг цацдаг байв. Москвагийн радио жил ирэх тусам гадаадын олон сонсогчидтой болж, гадаад хэлээр цацдаг нэвтрүүлэг тогтмол нэмэгдэж, хэдэн арваар тоологдох болжээ. Аажмаар бид Москвагаас бараг бүх дэлхийтэй ярьж байлаа. Цагтаа “Олон улсын Москвагийн радио” байсан “Оросын дуу хоолой” радио 150 орны 33 хэлээр нэвтрүүлэг цацдаг. Орос, алс гадаад болон ТУХН-ийн орнууд, Балтын тэнгисийн орнууд зэрэг дэлхийн олон хэлээр хоногт 115 цаг нэвтрүүлэг цацаж байна. “Оросын дуу хоолой” радио интернетээр мөн нэвтрүүлэг цацаж байна. “Оросын дуу хоолой” радио интернетэд баттай байр суурь эзэлж, “Би-Би-Си”, “Америкийн дуу хоолой” радиогийн дараа дэлхийд гуравдугаар байрт орж байна. Орос улсын орчин үеийн амьдралын талаар 450 нэвтрүүлэг цацаж байна. Дэлхийд болж байгаа үйл явдлын талаарх Оросын байр суурь, улс орны амьдралтай дэлхийн хамтын нийгэмлэгийн орнуудад танилцуулах нь манай радио станцын гол зорилт билээ. Азийн орнуудад нэвтрүүлэг цацаж эхэлсэн түүхээс өгүүлбэл. Москвагийн радиогийн нэвтрүүлэг 1940 онд хятад хэлээр цацах болсон. 1942 оноос Япон, Энэтхэг, дараа нь 1945 онд Индонез, Солонгост цацах болсон юм. 
Сэтгүүлч Степан Калмыков Монголд цацах анхны нэвтрүүлгийг бэлтгэсэн хүмүүсийн нэг билээ. Тэрээр энэ үеийг дурсан санахдаа, “Тэр өдрийг би сайн санаж байна. 1946 оны 3-р сарын 11-ий өдөр.” Зөвлөлтийн нэрд гарсан зохиолч Александр Серафимович монгол анд нөхөддөө мэндчилгээ дэвшүүлсэн юм. Түүний энэхүү мэндчилгээ анхны нэвтрүүлгийг чимж байлаа. Нэвтрүүлэгт монголын яруу найрагч, хөгжмийн зохиолчдын шүлэг, дууг нэвтрүүлсэн юм. Залуу яруу найрагч Д.Сэнгээ хоёр орны ард түмний найрамдалд зориулсан шүлгийн хэсгээс уншисан юм. Анхны болон дараа дараагийн нэвтрүүлгийг бэлтгэхэд Москвад сурч байсан монгол оюутнууд бидэнд тусалж байсан.  Би цагтаа Улаанбаатар хотод радиогийн анхны нэвтрүүлгийг бэлтгэж байсан хүмүүсийн нэг одоо харамсалтай нь мөнх бусыг үзүүлсэн монголын зохиолч Цэвэгмидтэй уулзаж байсан юм. “Би тэр үед Москвагийн Улсын их сургуулийн оюутан байсан” гэж тэр надад ярихдаа, “1946 оны хавар элчин сайд намайг дуудаад хэлсэн, “Москвагийн радио монголын сонсогчдод нэвтрүүлэг бэлтгэж байна. Чи зөвлөлтийн анд нөхдөд туслах ёстой. Энэ миний хувьд их хариуцлагатай, өндөр нэр төрийн хэрэг байлаа. Дараа нь радио дээр ирж, сэтгүүлчидтэй уулзсан. Монгол хэлний редакцид би ийнхүү ажиллах болсон. Тэр үеээс хойш Москвагийн радиог байнга сонсож байна.” 
Анх Монголд цацдаг нэвтрүүлгийн хэмжээ их байгаагүй. Өдөрт ердөө хагас цаг нэвтрүүлэг цацдаг байлаа. Мэргэжлийн нэвтрүүлэг гэж байгаагүй. Орчуулагчдын “цехид” Цыбенов, Бадмаев, Балдано, Аюржанаев нар ажиллаж байлаа. Бүгд буриад үндэстнүүд байсан. Дайны дараах үе байв. Тэд бүгд фронтод алба хаасан байлаа. Хамгийн туршлагатай нь Аюуржанаев. Тэрээр тус хэлтэст бэлтгэж байсан уран сайхны бүх нэвтрүүлгийг орчуулдаг байлаа. Оросын уран зохиолыг Монголд дэлгэрүүлэхэд тэрээр их зүйл хийсэн хүн. Аюржанаев Гоголийн “Амьгүй албат”, Толстойн “Ням гариг”, Горькийн “Артамоновынхан” зэрэг бүтээлийг монгол хэлээр хөрвүүлж байв. Тусгайлан бэлтгэсэн нэвтрүүлэгч, орчуулагчид 1953 оноос Москвагийн радиод ажиллаж эхэлсэн. Тухайлбал Гомбосүрэн, Балжир, Рагчаа, Чойжил, Ичинхорлоо, Гунгаа, хоёр Чулуунбат, Гүнсэн, Дүгэр, Базарваань зэрэг хүмүүсийг нэрлэх байна. Амьдрал бол мөнхийн эргэлт байдаг. Хүн төрөөд, өсч томорч, хорвоогоос халидаг. Түүхийн хүрд тасралтгүй эргэлдэж байна. Үе дамждаг хамгийн ариун, үнэт зүйлийн нэг бол дурсамж юм. Хүмүүс, тэдний үйл хэрэг, бүтээл туурвилын талаарх дурсамж шинээр ирж байгаа хүмүүсийн өв болдог. Радиогийн байрны хонгилд янз бүрийн он жилүүдэд домогт нэвтрүүлэгч Юрий Левитан, нэрд гарсан сэтгүүлч Влад Листьев, Владимир Познер, араб хэлний редакцийн ерөнхий редакторын орлогч, хожмоо академич, Орос улсын Гадаад хэргийн сайд, Засгийн газрын тэргүүн болсон Евгений Примаков нартай тааралдах боломжтой байв.
Олон жил нэвтрүүлэг цацаж байгаа Москвагийн радио монголчуудын оюун санаанд амьдралын хэв маягийн хүчин зүйлийн нэг болон тогтжээ. Монгол анд нөхдийн тодорхойлсноор “Оросын дуу хоолой” радио мэдээллийн хамгийн шуурхай, найдвартай эх сурвалжийн нэг билээ. Одоо эрхэм анд нөхөд өө, бид нэвтрүүлгийнхээ микрофоныг сэтгүүлч Ким Ральдинд шилжүүлье. Ким Ральдин янз бүрийн нэвтрүүлэг бэлтгэж, хөтлөх зэргээр редакцийн уран бүтээлийн ажилд идэвхтэй оролцож байна. 
Москвагийн радиогийн Монгол хэлний нэвтрүүлгийн редакцийн дарга, редактор, орчуулагч, нэвтрүүлэгч зэрэг орос, монголын хэд хэдэн үеийн мэргэжилтнүүдтэй хамт ажиллах аз надад тохиосон юм. Редакцийн дарга асан Михаил Разговоров, Юрий Попов, Игорь Кунавин, орчуулагч Геннадий Васин, Раиса Крашенинников, сэтгүүлч Римма Янбухтина, Роза Романов нарыг сайн сайхнаар эргэн дурсаж байна. Мөн Вячеслав Генерозов, Ольга Павлович, Тамара Стафеева, Майя Дубровина, Маша Онжанова, Владимир Скворкин, Ольга Яшкулова, Александр Жуков зэрэг шилдэг мэргэжилтнүүд редакцийн өнөөгийн уран бүтээлд ихээхэн хувь нэмэр оруулж байна. Монгол хэл гарамгай эзэмшсэн Игорь Кунавин гэхэд Улаанбаатар дахь Зөвлөлтийн радио, телевизийн сурвалжлагчийн товчооны даргаар олон жил ажиллсан юм. Фронтод хатуужсан хүмүүс энд ажиллаж байлаа. Туршлагатай сэтгүүлч Николай Кушнир их сонирхолтой хувь заяатай нэгэн. Тэрээр дайнд хоёрдугаар Белорусын фронтын Вершининий агаарын 4-р армийн бөмбөгдөгч нисэх онгоцны нисэгч байв. Монгол хэлээр нэвтрүүлэг дамжуулсан он жилүүдэд Монголын радиогийн ажил нэгт нөхөд ямагт дэмжлэг үзүүлж байлаа. Монголын радиод “Москвагийн бяцхан радио” бий хэмээн тоглоом шоглоомоор яридаг. Москвад янз бүрийн он жилүүдэд гайхалтай хүмүүс урилгаар ажиллаж, гадаадад нэвтрүүлэг цацдаг радиод үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ. Бид тэдэнтэй жинхэнэ анд нөхөд болсон. Бүгдийг нэрлэх аргагүй. Зарим нь манайд нэг бус удаа ирж байсан. Эрхэм анд нөхөд өө, Олон улсын Москвагийн радиогийн 80 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Бидний анд Даваажав, Сандагдорж, Жаргал, Шагдар, Билгээ, Жамбалжамц, Галдан, Батцэрэн, Ариунаа, Хүрэлбаатар болон бусад бүх хүнд барын мэнд дэвшүүлье. Би та бүхнийг бүгдийг санаж байна. Өнөөдөр “Оросын дуу хоолой” радиод манай монголын залуу анд нөхөд мөр зэрэгцэн ажиллаж байна. Тухайлбал нэвтрүүлэгч Н.Лхагвасүрэн, С.Гантөмөр, Б.Гантигмаа, мөн орчуулагч Г.Нарангарав, сэтгүүлч С. Эрдэнэ нар ажиллаж байна.  Одоо олон жил нэвтрүүлэгчээр ажиллаж байгаа, насаар ахмад, Сүхбаатар гуайн ач хүү Лхагвасүрэнд үг хэлэх боломж олгоё. Тэрээр одоо радиод ажиллаж байгаа монгол ажил нэгт нөхдөөс хамгийн олон жил радиод ажиллаж байна.
Монгол хэлээр нэвтрүүлэг цацдаг радиотой хувь заягаа холбосонд би баяртай байдаг гэж урьд хэлсэн. Би энэ орон, ард түмэнд хайртай. “Монголын сайхан нутаг миний зүрх сэтгэлд ямагт дотно байдаг”. Их зохиолч Д.Нацагдоржийн “Миний эх орон” шүлгийн мөрийг хэлэх байна. Монголын газар нутаг домог, хууч үгээр арвин. Хөх тэнгэр, зах хязгааргүй тал нутаг, уулын тунгалаг гол, таана өвс ханхалсан агаарыг хэдэн цагаар ч амьсгалахад би бэлэн. Би Монгол улсад сэтгүүлчийн хувиар хэд хэдэн удаа очиж, янз бүрийн настай, мэргэжлийн хүмүүстэй уулзаж учирч явлаа. Баяр, гунигаа хуваалцаж, уулзаж учирч явсан хүмүүсийн талаар сайхан дурсамж үүрд үлдсэн. Би Монголын нутгаар хөндлөн гулд аялсан. Говь цөл, Алтайн уулархаг нутаг, нуур, ус ихтэй Ховдын нутаг, Сэлэнгэ, Орхоны хөндий, миний Агийн нутгийг санагдуулах Халх голын нутагт очиж байсан. Байгал нуурын ах гэгддэг нутгийн хойд хэсгийн Хөвсгөл нуурын үзэсгэлэнт байгалыг би бишрсэн. Алхам тутамд хэдэн мянган жилийн түүхтэй зах хязгааргүй нутаг нээгдэж байлаа. Бүс нутаг бүрийн байгаль өөрсдийнхөөрөө сайхан. Би хаа ч явсан сайхан сэтгэлтэй, зочломтгой хүмүүстэй таарч байлаа. Намайг хаа сайгүй элгэмсэг дотно хүлээж авсан тэр хүмүүс миний ой тойнд үүрд үлдсэн. Дэлхийн улс орнууд шинэ Орос улс, дэлхийн хямарлын нөхцөлд тус улсын хийж байгаа шинэчлэл, олон улсын хамтын нийгэмлэгт интеграцчлагдаж байгаа зэргийг ихээхэн сонирхож байна. Эфирээр дамжуулж байгаа Москвагийн дуу хоолой нь Орос улсын амьдралын талаарх мэдээллийн байнгын, тогтвортой эх сурвалж билээ. Сонсогчдод ойлгомжтой, сэтгүүл зүйн баримт, үнэлгээнд тулгуурлан энэ талаар өгүүлэх нь бидний зорилт юм. Монголд радиог “орон зайг үл хамаарах” сонин гэж нэрлэдэг. Зах хязгааргүй үргэлжлэх тал нутагт радио онцгой үүрэг гүйцэтгэдэг. Монгол улсад сэтгүүлчийн хувиар нэг бус удаа очиход, алс хот айлынхан Москвагаас дамжуулдаг нэвтрүүлгийг эхнээс нь эцэс хүртэл анхааралтай сонсож байсныг санаж байна. Хамгийн гол нь сонсогчидтой тогтоосон нягт холбоогоо хадгалах нь чухал. Монгол хэлний редакцид олон арван жил тус радиогийн нэвтрүүлгийг сонсож байгаа үнэнч олон анд нөхөд бий. Монголын зарим аймаг, орон нутагт өнөө хир “Сонсогчдын клуб” ажиллаж байна. “Оросын дуу хоолой” радио манай хоёр орон, ард түмнийг холбож байгаа найрамдлын бат бэх гүүр байсан, одоо ч хэвээр байна. Цаашид олон жил найрмдалын гүүр байна гэдэгт бид найдаж байна. Та бүхэн Москвагийн радиогийн 80 жилийн ойд зориулсан нэвтрүүлэг сонслоо. Нэвтрүүлгийн зохиолч Х.Ральдин, редактор О.Павлович, нэвтрүүлэгч Н.Лхагвасүрэн, Б.Гантигмаа нар ажиллаа.
<сонсох>