Орос улсын сөрөг хүчний томоохон нам ОХУ-ын Коммунист нам мөн Орос улсын Либерал ардчилсан нам 10-р сарын 11-нд болсон бүс нутгийн болон орон нутгийн сонгуульд зөрчил гаргасныг эсэргүүцэн өнөөдөр өргөн хүрээтэй эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж байна. Сонгуулийн комисс энэ сонгуульд илт давуу ялсан, парламентын олонх “Нэгдсэн Орос улс” намд ашигтай байдлаар сонгуулийн дүнг гуйвуулсан гэж сөрөг хүчнийхэн үзэж байна. Коммунист намын гишүүд Калининградаас өгсүүлээд Владивосток хүртэл улс орны бүх бүс нутагт Сонгуулийн төв комиссийн дарга Владимир Чуровыг огцорч, сонгуулийн дүнг эргэн харахыг шаардсан уриа лоозон барьсан хүмүүс жагсаж байна. Тэдэнд либерал ардчилсан нам, зүүнтний эх оронч байгууллагын гишүүд нэгджээ. Коммунист намын удирдагч Геннадий Зюганов, либерал ардчилсан намын удирдагч Владимир Жириновский нарын оролцсон гол цуглаан Москвагийн Триумфальный талбайд болох юм. Сонгуульд “Нэгдсэн Орос улс” нам ялсныг эсэргүүцэн парламентын бусад намын гишүүд анх Улсын Думын хурлыг орхин гарч байсан юм. Ирэх жилийн төсөв зэрэг чухал асуудлыг хэлэлцэхийн тулд тэд хууль тогтоох байгууллагын ажиллагаанд эргэж орохоор шийдсэн юм.