“Хилийн хамтын ажиллагаа: Орос улс, Хятад улс, Монгол улс” эрдэм шинжилгээ-практикийн олон улсын бага хурал 10-р сарын 21-23-нд Чита хотод болж байна. Залуу эрдэмтэн-судлаач, их дээд сургуулийн удирдлага, Монгол Улсын Аюулгүй байдлын Зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд, Өвөр Монголын өөртөө засах орны Манжурын их сургуулийн эрдэмтэн, ОХУ-ын Москвагийн улсын их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургуулийн дорно дахины судлаачид, “Байгалийн өвийг хамгаалах” сангийн төлөөлөгчид, ЮНЕСКО-ийн дэлхийн өвийн Оросын хороо зэрэг байгууллагын 150 төлөөлөгч энэ бага хуралд оролцож байна. Өвөрбайгалийн хязгаарын Олон улсын хамтын ажиллагаа, гадаад эдийн засгийн харилцаа, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн яамны Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн орлогч дарга Ирина Левинец манай сурвалжлагч Ольга Ивановад ийнхүү ярилаа. Энэ жил 4 дэх удаа зохион байгуулж байгаа хлийн асуудлаарх бага хурал нь урьдынхаас ялгаатай. Энэ удаагийн бага хурлыг Халх голын ялалтын 70 жилийн ой, БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ой зэрэг хоёр тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан зохион байгуулж байна. Бага хуралд оролцогчид гурван орны хилийн харилцааны нийгэм-эдийн засаг, хүмүүнлэгийн асуудлыг хэлэлцэж байна. Энэ жил хэлэлцүүлгийн уламжлалт сэдвээс гадна санхүүгийн хямарлаас гарах асуудал байна. Ази Номхон далайн бүс нутгийн орнуудтай гадаад эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Өвөрбайгалийн хязгаарын тээвэр-логистик дэд бүтцийг сайжруулах, хил дамнасан экологийн бүст Өвөрбайгалийн хязгаар, Өвөр Монголын өөртөө засах орон, Дорнод аймаг байгаль орчныг хамгаалахад хамтран ажиллах зэрэг сэдэв байна. Сүүлд дурдсан асуудлыг хэлэлцэхэд “Даурийн тал нутаг” хил дамнасан био мандалын дархан цаазат газрыг Дэлхийн байгалийн өвийн объектод нэр дэвшүүлэхэд бэлтгэх асуудлыг хөндсөн. Энэ дархан цаазат газар монголын “Монгол Дагуур” дархан цаазат газартай шууд хиллэдэг байна.
Орос, хятадын байгалийн хил болдог 930 км урт Аргунь голын усны чанар сүүлийн жилүүдэд эрс муудсан тухай тэмдэглэлээ. Голын зарим хэсэгт тусгай хамгаалалттай бүс байгуулах асуудлыг бага хуралд оролцогчид хэлэлцэв. Эрдэмтэд эдийн засаг, экологи, боловсрол, соёлын салбарт эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны ирээдүй, бэрхшээлтэй асуудалд анхаарал хандуулав.
Өвөрбайгалийн хязгаарын Олон улсын хамтын ажиллагаа, гадаад эдийн засгийн харилцаа, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн яамны Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн орлогч дарга Ирина Левинец “Хилийн хамтын ажиллагаа: Орос, Хятад, Монгол улс” бага хурлын хүрээнд болж байгаа үзэсгэлэнгийн ажлын талаар ярьж байна.  Үүнээс гадна Читийн их дээд сургуульд эрдэм шинжилгээний бага хурлын 5 салбар ажиллаж, үзэсгэлэн зохион байгууллаа. Тухайлбал “Хятадын дүр төрх: уламжлал, орчин үе” гэрэл зургийн үзэсгэлэн, БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойд “Хятад хэл, соёлын ертөнц” мультимедиа гэрэл зургийн үзэсгэлэн, “Халх голын ялалтын 70 жилийн ой: өнгөрсөн болон өнөө үе” гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгууллаа. Үзэсгэлэнгийн хүрээнд “Орос хэлийг гадаад хэлний хувиар заахад тулгарч буй бэрхшээл”, “Уран сайхны боловсролын салбарын орчин үеийн технологи, ирээдүй, бэрхшээлтэй асуудал” “Оюутнууд гадаадад хийсэн дадлагаа үнэлж байна” мөн бусад сэдвээр дугуй ширээний уулзалт болов. Бага хуралд оролцогчид бүгд үр бүтээлтэй ажиллаа.  Та бүхэн Өвөрбайгалийн хязгаарын Олон улсын хамтын ажиллагаа, гадаад эдийн засгийн харилцаа, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн яамны Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн орлогч дарга Ирина Левинецтэй хийсэн ярилцлагыг сонслоо.