Дэлхийн хэмжээнд үйлдвэрлэсэн мансууруулах бодисын 20 орчим хувийг оросын иргэд хэрэглэж байна. НҮБ-ын мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх удирдах газар Афганистаны хар тамхины үндэстэн дамнасан аюул заналын тухай өчигдөр нийтэлжээ. Орос улсад сүүлийн 10 жилд хар тамхи хэрэглэгчдийн тоо 10 дахин нэмэгдэж, одоогоор энэ хүмүүс Афганистанаас оруулсан 75-80 тонн мансууруулах бодисыг жилд хэрэглэж байгаа тухай илтгэлд бичжээ. НҮБ-ын тус газрын мэдээгээр мансууруулах бодисыг Төв Азийн орноор дамжуулан ОХУ-д оруулж байна. Жилд 50 орчим тонн мансууруулах бодисыг Казахстаны нутгаар дамжуулан Орос улсад оруулж байна. Харин Казахстанд мансууруулах бодисыг Узбекистан, Туркмен, Тажикистан, Киргизийн нутгаар дамжуулан оруулж байна. Оросын мансууруулах бодистой тэмцэх цагдаагийн албаны мэдэгдсэнээр Орос улсад жил тутам мансууруулах бодис хэрэглэсний улмаас 30 мянга орчим хүн амь насаа алддаг гэжээ.