Орос, Монгол, Хятад улсын хилийн хамтын ажиллагааны ирээдүйн талаарх жил тутмын эрдэм шинжилгээ-практикийн олон улсын бага хурал өнөөдөр Чита хотод нээгдлээ. Бага хуралд өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид ирсэн байна. Халх голын ялалтын 70 жилийн ойгоор ийнхүү уулзаж байгаа нь чухал ач холбогдолтой хэмээн тэмдэглэж байна. Монгол улсын Аюулгүйн Зөвлөлийн стратеги судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд, Өвөр Монголын өөртөө засах орны Манжурын их сургуулийн эрдэмтэд, Москвагийн улсын их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургуулийн дорно дахины судлаачид, ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн Оросын хорооны төлөөлөгчид бүгд хуралд оролцож байна. Бага хуралд оролцогчид гурван орны хилийн харилцааны нийгэм, эдийн засаг, хүмүүнлэгийн асуудал, мөн энэ жил дэлхийн санхүүгийн хямарлаас гарах арга замыг хэлэлцэж байна. Гурван орны эрдэмтэд бага хурлын ихэнх цагт экологийн сэдвийг хөндөх бодолтой байна. Өвөрбайгалийн хязгаар, Өвөр Монголын өөртөө засах орон, Монгол улсын Дорнод аймгийн хил нэвтэлсэн экологийн бүс нутагт байгаль орчныг хамгаалахад хамтан ажиллах, мөн Ази Номхон далайн бүс нутгийн орнуудтай гадаад эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Өвөрбайгалийн хязгаарын тээвэр-логистик дэд бүтцийг сайжруулах зэрэг практик сэдвийг хэлэлцэж байна. Бага хурлын үеэр зохион байгуулсан сургалт, “дугуй ширээний уулзалтаар” Өвөрбайгал, Монгол, Хятад улсын геологийн хөшөө дурсгалын байдлаас өгсүүлээд Амур мөрний сав газрын эко системийг хамтран хамгаалах зэрэг асуудлыг хэлэлцэж байна.