“Хөл бөмбөгийн дипломат харилцаа”-аар олон жил Армени, Туркийн ард түмнийг заагласан ягштал савсан хаалгыг нээлээ. Хоёр орны ерөнхийлөгч Серж Саргсян, Абдул Гюль нар хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах сонгон шалгаруулах тэмцээнд үндэсний шигшээ багийн зочин тоглолтод харилцан айлчиллаа.  Армений ерөнхийлөгч хоёр орны харилцааны орчин үеийн түүхэнд анх удаа өнгөрсөн лхагва гаригт Туркт очиж, хөл бөмбөгийн тамирчдаа дэмжсэн байна. Тэд талбайн эзэн багт 0:2 оноогоор хожигдсон ч, Серж Саргсян нэг тагтанд зэрэгцэн суусан Туркийн ерөнхийлөгчид баяр хүргэв. Үүгээр тэр хөл бөмбөгийн тэмцээн хоёр талын харилцааны ирээдүйг эргэн харах шалтаг болохыг ойлгууллаа. Туркийн ерөнхийлөгч Абдулла Гюль шинэ түүхэнд анх удаа өнгөрсөн оны 9-р сард Ереванд очсон юм. Тэр үед хоёр орны төрийн тэргүүн нар хоёр орны хоорондын харилцааг хэвийн болгох эхийг тавьсан байна. Энэ удаагийн уулзалт өөр зүлийг илэрхийллээ. Хоёр орны харилцааг хэвийн болгох тухай протоколыг хоёр орны парламентаар хэлэлцүүлэх, дипломат харилцаа тогтооход улс төрийн түлхэц өгөх учиртай юм. Тэд 10-р сарын 10-нд Цюрихт гарын үсэг зурсан байна. ТУХН-ийн орнуудын Кавказын хүрээлэнгийн судалгааны төвийн удирдагч Феликс Станевский “Оросын дуу хоолой” радиод өгсөн жич ярилцлагадаа, Ереван болон Анакрагийн харилцаа сайжрах ирээдүйд дүн шинжилгээ хийжээ.  Бэрх үйл явц эхэлсэн. Энэ ихээхэн эрсдэлтэй. Тухайлбал армян үндэстнүүд 1915 онд хоморголон устгасан үйлдлийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэхийг оролдоно. Энэ нь армян үндэстэн, үндэстний цөөнх армянчүүдэд ноцтой асуудал юм. Энэ сэдвийг Карабахын хямаралтай холбох эсэх тухайд ч ялгаагүй. Зөв чиглэлд алхам хийж байгаа гэдэгт итгэлтэй байна. Ереван уян хатан дипломат бодлого баримталж байгаад алга ташин баяр хүргэмээр байна. Ямар байдлаар хурдан өөрчлөлт гарахыг би мэдэхгүй байна. Ийнхүү ойртосноор Армени дахь АНУ, Европын Холбооны байр суурь бэхжиж, Орос улсад хохиролтой байна гэж өрнөдийнхөн үзэж байна. Орос улсыг шахаж, Москва, Ереваны холбоотны харилцааг сулруулах байр суурь бий. Үүнийг хэрэгжүүлэхийг ч оролдоно.
Москва ямар хариу үйлдэл үзүүлэх вэ? 
Армян-Туркийн протоколд гарын үсэг зурж, хэрэгжүүлэх тухайд орос улсын байр суурь тодорхой. Орос улс ямагт энэ протоколд гарын үсэг зуруулах байр суурьтай байсан. Армени хагас тусгаарласан нөхцөлд байхад Орос улс баярлах аргагүй шүү дээ. Тээврийн тухайд Армени үнэхээр хагас тусгаарлагдсан. Одоо тус улс ганц амаргүй чиглэлээр тээвэр хийж байна. Энэ нь Гүржээр дамжиж буй тээврийн зам юм. Иранаар дамжих тээврийн зам тийм ч ашигтай биш. Тиймээс Армянд бараа таваар оруулж, гаргахад илүү тодорхой зам хэрэгтэй байна. Туркийн нутгаар дамжих ийм зам бий. Армян-туркийн хилийг нээх шаардлагатай болохыг Орос улс ойлгож байгаа гэж найдаж байна. Тбилис ийм ирээдүйд баярлахгүй л байгаа болов уу. Тэнд ерөнхийдөө сэтгэл түгшээсэн байр суурийг сайшаасан хандлага байна. Армени өнөө хүртэл Гүржийн нутгаар тээвэр эрхэлж байна. Гүрж энэ монополь эрхээ алдвал Арменид дарамт үзүүлэх боломж нь суларна.
Ереван, Анкарагийн хооронд харилцаа сайжирсан үр дүнг бүс нутагт хэзээ мэдрэх боломжтой вэ?
Эдгээр протоколын дүнд Өмнөд Кавказын аюулгүй байдалд хурдан өөрчлөлт гарна гэж би бодохгүй байна. Армени, Туркийн хоорондын харилцаа аажмаар сайжирна. 1993 оноос хойш хаалттай байгаа хил нээгдэх нь гол биш юм. Хамгийн гол нь армян, туркүүдийн ухамсард бие биедээ үл итгэх байдал их байна. Энэ ухамсрыг өөрчилж, итгэцлийг бэхжүүлнэ гэдэг урт хугацааны асуудал гэдгийг бид ойлгож байгаа. Асуудлын гол нь үүнд байна.
Оросын дипломат бодлого ямар үүрэгтэй гэж та бодож байна вэ?
Арменитай тогтоосон стратегийн түншлэлийн харилцааг хадгалж, хөгжүүлэх нь бидний зорилт юм. Бидэнд ийм боломж бий. Бид Арменид цэрэг, эдийн засгийн дорвитой төлөөлөлтэй. Армян үндэстний цөөнх Орос улсад олноор оршин суудаг. Үндэстний цөөнхүүд харилцаагаа хадгалахыг их сонирхож байна. Арменитай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх боломж ямар ч тохиолдолд байна гэж Орос улс үзэж байна. ТУХН-ийн орны Кавказын Хүрээлэнгийн судалгааны төвийн удирдагч Феликс Станевскийтэй жич хийсэн ярилцлагыг хүргэлээ.