ШХАБ Афганистаны байдлыг тогтворжуулах чадалтай төдийгүй үүнд илүү идэвхтэй оролцох ёстой. Үүний зэрэгцээ НАТО ШХАБ-тай хамтран ажиллах арга замыг идэвхтэй хайх хэрэгтэй. Лондоны “Файнэншл таймс” сонин баасан гарагийн дугаарт нийтэлсэн задлан шинжилгээ хийсэн материалдаа ийнхүү зөвлөжээ. ШХАБ-ын гишүүн орнууд терроризм, лалын тулгуур үзэл, бүс нутагт хууль бус мансууруулах бодисын наймааг таслан зогсоох ижил сонирхолтой. Өнөөгийн байдлаар НАТО-ийн тусгай ажиллагаа явуулж байгаа Афганистан нь дээрх бэрхшээлтэй асуудлын гол эх сурвалжийн нэг хэмээн тус сонин тэмдэглэжээ. НАТО-ийн дотор ШХАБ-тай илүү нягт хамтран ажиллах байр суурьтай улс орон нэмэгдэж байна гэж “Файнэншл таймс” сонин уламжлав. ШХАБ-д Орос, Казахстан, Тажикистан, Киргиз, Узбекистан, Хятад улс багтдаг. Иран, Энэтхэг, Пакистан, Монгол улс ажиглагчийн статустай юм.