Эрхэм радио сонсогчид оо, сайн байцгаана уу, “Оросын дуу хоолой” радиогоор долоо хоног тутмын “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг явж байна.  Баян-Өлгийн аймгийн сонсогч З.Лхамсүрэн бидэнд сонирхолтой захидал ирүүлжээ. Тэрээр захидалдаа: “Танай нэвтрүүлгийг үдэш бүр сонсдог. Орос улсад төдийгүй гадаадад болж байгаа үйл явдлын мэдээг шуурхай дамжуулж байгаад талархажээ. Нэвтрүүлгээрээ сайхан хөгжим явуулж байна. Би хувьдаа танай нэвтрүүлгийг өндөр үнэлдэг”гэжээ. З.Лхамсүрэн өөрийн хамгийн дуртай “Катюша” дууг захиалсан байна. Энэ дууг Марина Девятова дуулна. З.Лхамсүрэн “дэлхийн хүүхдийн эмч” хэмээн нэрлэдэг Леонид Рошалийн тухай нэвтрүүлэхийг хүсчээ. Леонид Рошаль “Орос улсын үндэсний баатар”, “Европын оны хүн”, “Дэлхийн хүүхдийн эмч” зэрэг олон цол, шагналтай. Түүний нэрээр Үхрийн ордны одыг нэрлэсэн. Тэрээр дэлхий дахинаа хэдэн зуун мянган хүүхдийн амийг аварсан нь түүний гол шагнал нь билээ. Рошаль Москвагийн анагаах ухааны хоёр дахь дээд сургуулийг 1957 онд амжилттай төгсөж, хэсгийн эмнэлэгт хүүхдийн эмчээр ажиллажээ. Дараа нь эмч нарын мэргэжил дээшлүүлэх төв хүрээлэнгийн эрхлэгч, Москва мужийн МОНИКИ хүрээлэнд хорин жил ажилласан байна. Рошаль эмч 1980 анд анх гадаадад томилолтоор ажилласан байна. Тэрээр Монголд хүүхдүүдийг үзэж, нэг бус удаа амь насыг нь аварч байсан эмч нарын отрядыг удирдаж байв. Дараа нь Арменийн Спитак хотод олон хүний аминд хүрсэн хүчтэй газар хөдөлсөн. Рошаль энэ үед Хүүхдийн эмнэл зүйн Эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнгийн хүүхдийн гэмтэл согог, яаралтай мэс заслын хэсгийн дарга болжээ. Армяны хотод олон хүний аминд хүрсэн газар хөдөлсөн тухай мэдээ цацсан тэр өдөр Рошаль эмч эрдэм шинжилгээний бага хуралд оролцож байв. Тэрээр суудлаасаа босч: “Би яаралтай Армени явлаа. Надтай хэн явах вэ?”гэхэд олон хүн хамт явахаа хэлэв. Ийнхүү эмч нарын отряд байгуулсан билээ. 1988 оны тэр өдрөөс хойш эмч нарын отряд хүүхдийн амь насыг аврахаар дэлхийн янз бүрийн газар очиж байна.  Спитакийн эмгэнэлт үйл явдлаас Рошаль эмч “яаралтай хариу арга хэмжээ авах эмч нарын отряд байгуулах шаардлагатай” гэж үзээд, ослын эмнэлэг, яаралтай тусламж үзүүлэх Дэлхийн холбоо байгуулахаар санаачилсан юм. Гэмтлийн эмч, мэдрэлийн мэс заслын эмч, эрүүл мэндийн бусад мэргэжлийн хүмүүс багтсан түүний тэргүүлж буй эмч нарын отряд тэр үеэс хойш бараг энэ бүрэлдэхүүнээрээ байлдааны ажиллагаа болж байгаа, газар хөдлөлт, байгалийн гамшиг тохиосон газар 20 гаруй удаа очжээ. Эмч нарын отряд улс орны түүхэнд төмөр замын томоохон осолд тооцогдох Уфа орчимд гарсан осол, мөн Казахстаны зүүн хэсгийн Усть-Каменагорскийн үйлдвэрт гарсан дэлбэрэлтийн дараа гэмтэж бэртсэн хүмүүст тусламж үзүүлсэн юм. Мөн тэд Гүрж, Египет, Япон, Афганистан, Турк, АНУ, Сахалинд газар хөдлөлтийн хор уршгийг арилгахад оролцжээ. Рошалийн эмч нарын отряд аюулыг үл хайхран эргэлзэж, тээнгэлзэлгүй байлдааны ажиллагаа болж байгаа газар хүмүүсийн амь насыг аврахаар очдог. Тэд дэлхийн “халуун цэгт” зарим газар хэд хэдэн удаа очиж байжээ. Тухайлбал Израиль, Югослав, Уулын Карабах, Азербайжан, Армени, Хойд Кавказ зэрэг газар юм. Оросын эмч нар Осетид буудалцаанд өртөж, Югославт тэдний ажиллаж байсан хуаранд тэсрэх бөмбөг хаях үеэр азаар эсэн мэнд гарчээ. Уулын Карабахт шархадсан хүүхдүүдэд тусалж байсан байрны зарим хэсэг харвасан суманд сүйдсэн байна. Сайн дурын эмч нар Афганистанд гурван ч удаа очиж, Чечений нутгийг нилд нь хэрж, байлдааны ажиллагаанд оролцож байгаа хоёр талын охид, хөвгүүдийг аварч байсан байжээ.
Н: Рошаль эмч нэг бус удаа террористуудтай тулгарсан юм. Тэрээр эмч нарын багийн хамт Дагестаны Каспийск хотод аймшигт алан хядах ажиллагаа болсноос хойш хэдэн цагийн дараа иржээ. Тэд дэлбэрэлтэд өртсөн 27 хүүхдийн амь насыг аварсан байна. Дубровкад болсон эмгэнэлт үйл явдлын үеэр чечений зэвсэгт этгээдүүд театрын барилгад оруулахыг зөвшөөрсөн цөөн хүмүүсийн нэг нь Рошаль эмч байв. Тэрээр террористудыг барьцааны хүмүүсийг суллахыг ятгаж, тэндээс 8 хүүхдийг гаргасан юм. Барьцааны хүмүүс байсан театрын барилгад ус, эм бэлдмэл оруулж, тэнд шархадсан хүмүүст тусламж үзүүлэх мэс хагалбарын хэсэг байгуулжээ. Баатарлаг үйлсийн завсраар Леонид Рошаль хүүхдүүдийг эмчилж, эрдэм шинжилгээний ажил хийж, өвчтөнийг тухайлбал онц нөхцөлд эмчлэх шинэ арга боловсруулах зэрэг чухал ажил хийж байна. Тэрээр ил шархыг лазераар анх эмчилж, гэдэсний хурц түгжрэлийг битүүмжлэн эмчлэх технологи боловсруулжээ. Тэрээр 7 гагц сэдэвт зохиол, зохих ёсоор сонгодог хэмээн үзэх эрдэм шинжилгээний 200 гаруй бүтээл бичжээ. Леонид Рошалийг хоёр жилийн өмнө Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн юм. Нобелийн шагналтан, академич Евгений Чазов, ЗХУ-ын ерөнхийлөгч асан Михаил Горбачев, Москва хотын дарга Юрий Лужков, НҮБ-ын хүүхдийн сангийн оросын төлөөлөгчийн газрын удирдлагууд, ДЭМБ, Монгол улс болон Арменийн засгийн газар түүнийг нобелийн шагналд нэр дэвшүүлэхийг дэмжсэн юм. Өөр хүн энэ шагналыг авсан ч, үр хүүхдийг нь аварч, зовлон шналалаас аварсан хүмүүст Рошаль эмч дэлхийн эмч хэвээр байна. Үүнээс илүү нэр хүндтэй шагнал гэж юу байх билээ? 
Одоо хөгжмийн завсарлага авцагаая. Улаанбаатар хотын сонсогч Ш.Цэндийн хүсэлтээр Алла Пугачевын дуулсан “Сая ягаан сарнай” дууг хүргэе.  “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгийн ээлжит дугаараа үргэлжлүүлье. www.tuva.asia вэб хуудаст “Тувагийн шинэ судалгаа” эрдэм шинжилгээний цахим сэтгүүлийн гурав дахь дугаар гарчээ. Энэ дугаарт судалгааны материал, эрдэм шинжилгээний мэдэгдэл, шүүмжлэл, Кызыл, Москва, Красноярск, Новосибирск хотоос гадна Казахстан, Киргиз, Монгол улсын эрдэмтдийн Тувагийн тухай шинэ номын товч тайлбарыг тавьжээ. “Өөрчлөлтийн үе” хэсэгт сэтгүүлийн ерөнхий редакторын “Тува дахь шинжлэх ухаан болон нийгмийн бодлогын хамтын ажиллагааны асуудал, мөн “Тува-2050” эссе бичлэгийн уралдааны талаар” нийтлэл тавьсан байна. Эрдэмтэд янз бүрийн үед Тувагийн түүхийг судалсаар байна. Монгуш Маннай-оолом “Скиф-сибирийн гарал үүслийн тухай асуудалд “амьтны хэв маяг”, Марианна Харунова “Тува болон ЗХУ: улс төрийн интеграцчлалын үйл явц”, мөн Красноярскийн түүхч Владимир Дацышений “Усинскийн хилийн тойргийн Енисейскийн гацааны тува үндэстэн. Орос-тувагийн харилцааны түүхээс”. Харин “Ази тивийн нүүдэлчид” булангаас дундад зууны үеийн Монгол Улсын тухай, Киргизийн орчин үеийн эдийн засгийн асуудал, орчин үеийн Монгол улсын угсаатан социологийн тухай, төвдийн архивын номын сан зэрэг чухал асуудлаарх нийтлэлийг сонирхох боломжтой.  “Шинжлэх ухааны амьдрал” хэсэгт Оросын шинжлэх ухаан акадмеийн Сибирийн салбарын эрдэмтдийн Монгол улсад хийсэн зуны экспидицийн тухай материал оруулжээ.  Дахин хөгжмийн завсарлага авцагаая. Дархан хотын Тогтохтөрийн хүсэлтээр Иосиф Кобзоны дуулсан “Миний Москва” дууг хүргэе. “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Улаанбаатар хотын сонсогч С.Дагвадорж, Өмнөговь аймгийн сонсогч Ё.Бямбажав, Увс аймгийн Баруунтүрүүн сумын сонсогч Ш.Жамбалсүрэн нар захидалдаа, Орос улсад байгаль, ургамал, амьтныг хамгаалах арга хэмжээний талаарх нэвтрүүлэг их сонирхолтой талаар тэмдэглэжээ. Өнөөдөр бид та бүхэнд хүүхдүүд хэрхэн зээрийг хамгаалж байгаа тухай өгүүлнэ.  Чита мужийн Соловьевийн дунд сургуулийн хүүхдүүд “Зээрийг аварцагаая” аян зохиожээ. Тэд Улсын авто техникийн хэргийг шалган байцаах газруудад тусгай хуудас тараасан байна. Хүүхдүүд оршин байгаа газраасаа хэдэн арван км алс газар очиж, зээрийг хамгаалах шаардлагтай байгаа талаар ухуулан ярьжээ. Хүүхдүүд ийм ажил хийж дадсан байна. Хуудас тараах ажил нь экологийн хүмүүжлийн хөтөлбөрийн нэг хэсэг юм. Энд хамгийн гол нь үзэл санааг зөв илэрхийлэх нь чухал. Хуудаст: “Соловьевийн дунд сургууль зээр хамгаалах аян зохион байгуулж байна. Энэ амьтныг хөнөөхгүй байхыг та бүхнээс хүсч байна” гэжээ. Сурагчид амьтныг хамгаалах кампанит ажил өрнүүлэхэд 2 мянга долларын тэтгэлэг авчээ. Зээрийн тоо толгой жил ирэх тусам цөөрч байгаа тул энэ аяныг зохиосон байна. Ятган ухуулах энэ арга үр нөлөөтэй байна. Ямартаа ч жолооч нар хүүхдүүдийн үгэнд орж байна.  Соловьевскт ирэх оны хавар зээрийн тоо толгойг хамгаалах асуудлаар бага хурал зохион явуулахаар төлөвлөж байна. Монгол улстай хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд Эринцад болон Соловьевск тосгонд зээрний өдрийг тэмдэглэж, Соловьевск тосгонд зээрийн модот гудамж байгуулахаар төлөвлөж байна. Цаг агаар таатай байна гэж эрдэмтэд найдаж байна. Цас их унаж, тэжээл хомсдоход зээр Оросын нутагт орж ирдэг.  Бид “Манай шуудангийн хайрцаг” ээлжит нэвтрүүлгээ өндөрлөж байна. “Браво” хамтлагийн “Энэ миний хот” дууг хүргэе. Ингээд “Манай шуудагийн хайрцаг” нэвтрүүлэг өндөрлөллөө. Эрхэм хүндэт сонсогчиддоо амжилт, зол жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе. Захиа бичээрээй! Бид та бүхний асуултуудад дуртайяа хариулж, хөгжмийн захиалгыг биелүүлнэ. Дэлхийн улс төрийн чухал үйл явдал болон орос-монголын харилцааны хегжлийн тухай тулгамдсан материал түүнчлэн “манай шуудангийн хайрцаг” нэвтруулгийг www.ruvr.ru сайтад монгол хэлнээ тавьж байгаад сонсогчдынхоо анхаарлыг ахин хандуулъяа.
<сонсох>