“Оросын дуу хоолой” радиогоос ярьж байна. В.Путины Хятадад хийсэн айлчлал орос-хятадын хамтын ажиллагааг олон салбарт хөгжүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа. ОХУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Сергей Разов дүрс бичлэгийн уулзалтын үеэр хоёр орны засгийн газрын тэргүүн нарын 14 дэх тогтмол уулзалтыг ийнхүү дүгнэлээ. “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисов тайлбарлахдаа, Орос, Хятадын засгийн газрын тэргүүн нарын ээлжит уулзалтын үеэр дэлхийн санхүүгийн хямарлыг үл харгалзан орос-хятадын эдийн засгийн хамтын ажиллагаа томоохон төсөл хэрэгжүүлэх замаар чанартай өсөх боломжтой гэж хоёр тал тэмдэглэж байв. В.Путин болон Вэнь Зябао нарын яриа хэлэлцээний талаар элчин сайд Сергей Разов ийнхүү ярьж байна. Бидний дүгнэснээр тухайлбал орос, хятадын талын нэгдсэн дүгнэлтээр засгийн газрын тэргүүний айлчлал бүхэлдээ амжилттай болов. Улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт хоёр талын хамтын ажиллагааны бүх гол чиглэлээр ахиц дэвшил гарсан. Янз бүрийн түвшинд бэлтгэл ажлыг чанд хангасан нь айлчлал ийнхүү амжилттай болоход нөлөөллөө. Засгийн газрын тэргүүн нарын уулзалтын өмнө худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, эрчим хүчний асуудал эрхэлсэн засгийн газрын дэд сайд нарын 3 уулзалт болсон. Энэ бүх гурван чиглэлийг орос, хятадын талаас засгийн газрын дэд сайд нар тэргүүллээ. Оны эхэнд засгийн газрын тэргүүн нарын тогтмол уулзалтын бэлтгэлийг хангахад хорь орчим комисс, ажлын хэсэг сайд нар эсвэл дэд сайд нарын түвшинд болсон хуралдаанаар тохиролцоонд хүрсэн юм. Энэ баримт Орос, Хятадын улс хоорондын хамтын ажиллагааны механизм хөгжиж, улам цогц болж байгааг илтгэж байна. Айлчлалын үеэр хоёр орны засгийн газрын тэргүүн нарын оролцоотой хамтын ажиллагааны янз бүрийн чиглэлийн 13 чухал баримт бичигт гарын үсэг зурсан юм. Үүнээс гадна засгийн газрын дэд сайд нар нийт 3 тэрбум гаруй долларын хэмжээтэй үндсэндээ худалдаа-эдийн засгийн шинжтэй компани хоорондын арав гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа. Тэгэхлээр энэ айлчлал манай хоёр орны хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа хэмээн ОХУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Сергей Разов Москва-Бээжин дүрс бичлэгийн уулзалтын үеэр тэмдэглэв. Оросын дипломатч хятад, оросын сэтгүүлчдийн олон асуултанд хариуллаа. Хоёр орны эрчим хүчний хамтын ажиллагаатай хамаатай олон асуулт тавьсан юм. Сергей Разов энэ асуултанд хариулахдаа, Орос улс 2011 оноос жилд 15 сая тоон түүхий нефтийг Хятад улсад нийлүүлж эхэлнэ хэмээн мэдэгдэв. Талууд хий нийлүүлэх талаар тохиролцсоныг элчин сайд тэмдэглэсэн байна. Алтай, Алс Дорнодоор оросын байгалийн хий нийлүүлэх баримт бичиг буюу газрын зургийг боловсрууллаа. Газпром болон Хятадын үндэсний нефть хийн корпорацийн хооронд байгуулсан гэрээний тухайд “үүнд хамгийн гол нь үнийг тогтоох нь чухал” хэмээн элчин сайд тэмдэглэв. Азийн нефтийн үнийн сагснаас үүдэн хийн үнийг тогтооно” гэж Разов тайлбарлалаа. Бид энэ гэрээг өөдрөгөөр харж байна. Энэ бол зөв чиглэлд явж байгаа алхам юм.  “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисовын тайлбарыг хүргэлээ.