АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон өнөөдөр Москва хотноо Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров дараа нь ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев нартай уулзлаа. Пуужингийн довтолгооноос хамгаалах систем, стратегийн давшилтын зэвсэг зэрэг асуудал уулзалтын үндсэн сэдэв байв. Орос-америкийн харилцаанд үнэхээр эргэлт гарч байгаа эсэхийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын айлчлал харуулах ёстой. Сүүлийн үед Орос, АНУ пуужингийн довтолгооноос хамгаалах системийн асуудлаар ойлголцож байна. Вашингтон энэ удаа Москвагийн байр суурийг харгалзан пуужингийн довтолгооноос хамгаалах шинэ систем бүтээх бодолтой байна. Шинжээчид энэ шийдвэрийг эрүүл ухаан яллаа хэмээн нэрлэжээ. Стратеги үнэлгээ, шинжилгээний хүрээлэнгийн ерөнхийлөгч Александр Коновалов ярьж байна: Польш, Чехид байрлуулах ёстой байлдааны цэнэгт хошууг нислэгийнх нь замын дунд талбайд амдан сөнөөх пуужингийн довтолгооноос хамгаалах системийн хуучин бүтцээс америкчүүд татгалзжээ. Үүний оронд тэд одоохондоо тэнгисийн хувилбараар пуужин бүхий хөлөг онгоц байрлуулжээ. Эс-Эм 3 пуужин илүү үр нөлөөтэй, Польшид байрлуулахаар төлөвлөж байсан амдан сөнөөгчөөс 10 гаруй дахин хямд байна. Үүнийг хөлөг онгоцноос харвах боломжтой. Аюул заналын эх сурвалжийн ойролцоо төвлөрөх уян хатан бүтэцэтэй болж байна. Хэрэв аюул занал Персийн булангаас нүүрлэж байвал хөлөг онгоц Персийн буланд, эсвэл Газар Дундын тэнгисээс нүүрлэж байвал тэнд очих боломжтой. Миний бодлоор Хиллари Клинтон Орос улс энэ системд оролцох боломжийг Москвад хэлэлцэх болов уу. Манай радарыг америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах системд урьдаас сэрэмжлүүлэх радарын хувьд ашиглах боломжтой. Ийнхүү хамтран ажилласнаар элдэв сэжиг, түгшүүрийг арилгаж, хоёр талын харилцааг сайжруулна.  Нөгөө талаас АНУ үр нөлөөгэй кинетик 10 амдан сөнөөгчийн оронд хөлөг онгоцноос харвах Эс-Эм 3 хэдэн зуун пуужинг Орос улсын хилийн ойролцоо байрлуулахыг эрмэлзэж байна гэж хэд хэдэн шинжээч үзэж байна. Оросын үндэсний аюулгүй байдалд эдгээрийн аюул заналын түвшинг үнэлж, эхний ээлжинд америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах системийг шинэ хэлбэрийг ойлгох хэрэгтэй байна. Одоогоор энэ талаар тодорхой ойлгосон зүйл алга. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өчигдөр яриа хэлэлцээний үеэр энэ тухай мэдэгдэв. Хиллари Клинтон нөхцөл байдлыг тодруулж, эргэлзээ, тээнэглэлзлийг арилгана гэж Москва найдаж байна.
Москвад болж байгаа орос-америкийн яриа хэлэлцээний өөр хоёр гол сэдэв нь Ираны цөмийн хөтөлбөр болон 12-р сарын 5-нд үйлчлэх хугацаа нь дуусах Стратегийн давшилтын зэвсгийн тухай гэрээг шинэ гэрээгээр солих тухай байлаа. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн, Герман улсын нэрийн өмнөөс тавьсан олон улсын хамтын нийгэмлэгийн саналыг Иран үл ойшоовол тус улсын эсрэг хатуу хориг арга хэмжээ авахад хориг тавих эрхээ эдлэхгүй байхыг америкчүүд Москваг ятгах бодолтой байна. Үүнтэй холбогдуулан шинжээчид Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн хийсэн мэдэгдэлд анхаарал хандуулж байна. Нөхцөл байдалд нөлөөлөх бүхий л боломж шавхагдсан тохиолдолд Ираны эсрэг хориг арга хэмжээ авах боломжтой гэж Орос улсын ерөнхийлөгч мэдэгдсэн юм.