Монгол улсын Хөвсгөл аймгийн сүргийн үржил, селекцийн төвийн захирал Б.Дамдинсүрэн, Оросын Тувагийн бүгд найрамдах улс дахь тус аймгийн байнгын төлөөлөгч Д.Орлан, сайн үүлдэрийн мал үржүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг “Уургай” компанийн тэргүүн Б.Б.Кунгаа нар үржлийн цаа буга солилцох гэрээнд гарын үсэг зурав. Хөвсгөл аймгийн засаг дарга өнгөрсөн оны зун Тувагийн бүгд найрамдах улсад айлчлах үеэр байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд дээрх гэрээнд гарын үсэг зуржээ. Монгол Улсын засгийн газрын “цаа бугын аж ахуйг сэргээх, цаа бугын бэлчээр нутгийг сайжруулах” хөтөлбөрт үржлийн цаа бугыг тэмээгээр солилцохоор тусгасан байна.