Пакистаны Равалпинди хотын армийн төв байранд өнөөдөр халдсан террористуудыг Пакистаны цэргийнхэн устгалаа. Армийн хэвлэлийн албаны мэдээлснээр цэргийн дүрэмт хувцас өмссөн террористууд сайн хамгаалалттай цэргийн хотхонд нэвтэрч, тэнд хүчтэй дэлбэрэх хэрэгсэл ажиллуулах бодолтой байжээ. Удаан буудалцсаны эцэст халдлагыг таслан зогсоож, халдсан дөрвөн хүнийг хороожээ. Пакистанд долоо хоногийн дотор хэт даврагчид гурав дахь удаа ийнхүү халджээ. Амиа золиослогч этгээд лхагва гаригт НҮБ-ын Дэлхийн хүнс хөтөлбөр байгууллагын төлөөлөгчийн газрын байрны урд тэсрэх бөмбөг ажиллуулсан бол өчигдөр Пешаварын нэгэн захад дэлбэрэх хэрэгсэл бүхий автомашин дэлбэрсний уршгаар 50 гаруй хүн амь үрэгджээ.