Дэлхийн хямарал Орос, Хятад улсыг эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд түлхэж байна. ОХУ-ын Гадаад хэргийн яамын Дипломат академийн дэд захирал Евгений Бажанов Орос улсын ерөнхий сайд В.Путин Хятад улсад албан ёсоор айлчлахын өмнө “Оросын дуу хоолой” радиод жич өгсөн ярилцлагадаа ийнхүү мэдэгдэв. Албан ёсны айлчлал даваа гаригт эхэлнэ. Орос, Хятад улсын хамтын ажиллагааны ямар салбарт улс төрийн нэмэлт түлхэц шаардлагатай вэ? В.Путины Бээжинд Хятадын дээд удирдлагатай хийх уулзалт үүнд чиглэж байна.  Нэгдүгээрт мэдээж хэрэг эдийн засгийн хамтын ажиллагаа байна. Одоохондоо энэ салбарын хамтын ажиллагаа болж байгаа ч, тийм сайн гэж хэлэх аргагүй. Худалдаа өсч байна. Энэ олон жилийн турш өсч байгаа. Одоо хямарал үргэлжилж байгаа учраас энэ жил худалдааны үзүүлэлт өнгөрсөн жилийнхээс нэлээд бага байх ч, бүхэлдээ боломжийн хэмжээтэй байна. Үүний зэрэгцээ худалдааны бүтэц Орос улсын сэтгэлд нийцэхгүй байна. Учир нь бид үндсэндээ Хятад улсад түүхий эд нийлүүлж байна. Манай экспортын 40 хувь нь нефть, нефть бүтээгдэхүүн юм. Тэгээд ой зэрэг бусад түүхий эд байна. Машин, тоног төхөөрөмж экспортын ердөө 2-3 хувь байгаа нь тун тааруухан хэрэг. Тэгэхлээр юуны түрүүнд худалдааны бүтцийг өөрчилж, бараа эргэлтийг дэмжинэ. Хоёрдугаарт худалдаа төдийгүй бусад салбарт хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Одоохондоо харилцан хөрөнгө оруулалт их сул байна. Хятадын Орос улсад оруулсан хрөнгө оруулалтын хэмжээ 1 тэрбум доллароос давахгүй байна. Харин Хятадад манай оруулсан хөрөнгө оруулалт үүнээс бага зэрэг илүү байгаа юм. Бээжинд болох уулзалтаар үүнийг хэлэлцэх байх гэж бодож байна. 
Яг тодорхой юуны тухай хэлэлцэх вэ?
Манайд нефть, нүүрс, эрчим хүч үйлдвэрлэхэд хятадууд оролцохтой холбоотой хэд хэдэн томоохон төслийг одоо хэлэлцэж байна. Энэ бүхнийг Хятадад экспортолно. Хятадууд энэ төсөлд 10 тэрбум гаруй доллар оруулахаар үндсэндээ амласан. Энэ нь нэг дор уялдуулах аргагүй томоохон төслүүд юм. Энэ үйл явцыг түргэсгэхийн тулд улс төрийн түлхэц чухам энд хэрэгтэй гэж бодож байна. Бид энэ чиглэлд хөдөлж байна. Хятадууд төдийгүй Япон, Өмнөд Солонгосын оролцоотой, мөн бусад орны капиталаар эрчим хүчний нөөц, үүний зэрэгцээ Алс Дорнод болон Сибирийн дэд бүтцийг хөгжүүлэхэд энэ нэн чухал, ашигтай юм.
Орос улсыг Хятадын толгой галт тэрэгт залгасан галт тэрэгтэй зүйрлэх нь бий. Москва, Бээжин стратегийн түншүүд гэдэгт энэ хэрхэн нийцэж байна вэ?
Бид ямар нэг зүйлд холбогдсон гэж бодохгүй байна. Энэ бол харилцан ашиг сонирхол болно. Би дахин хэлэе тэдэнд нефть, асар их нөөцтэй ч хүрэлцэхгүй байгаа нүүрс хэрэгтэй байгаа. Тэдэнд хий, ой мод хэрэгтэй. Тэдэнд цэргийн технологийг хэлэхгүй гэхэд нисэх онгоц, сансарын салбарт янз бүрийн технологи шаардлагатай байна. АНУ, Европ, Азийн орнуудад экспорт буурсан энэ үед тус улсад хэрэглэгчийн бараа бүтээгдэхүүн илүүдэж байна. Орос улсад энэ бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд Хятад улсад дээд зэргийн ашигтай билээ. Тэгэхлээр хэн бух тэрэг, хэн түүнд залгагдсан тухай ярих нь буруу юм. Энэ бол харилцан ашиг сонирхол, хамтын ажиллагаа билээ.  ОХУ-ын Гадаад хэргийн яамны Дипломат академийн дэд захирал Евгений Бажановтай хийсэн ярилцлагын бүрэн эхийг “Оросын дуу хоолой” радиогийн вэб хуудаст тавьсан юм.