ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев баасан гаригт Олон Улсын Олимпийн Хорооны /ОУОХ/ ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Жак Роггед олон улсын олимпийн хөдөлгөөнд Орос улс оролцоход дэмжсэнд талархаад, ОУОХ-той үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. ОУОХ-ны Копенгаген хотод болсон чуулганаар бельги гаралтай Жак Рогге-г дахин дөрвөн жил энэ байгууллагын тэргүүнээр сонгожээ. ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.Путин Жак Роггед мөн баяр хүргэсэн юм. Сочи хотод 2014 онд зохион байгуулах өвлийн 22 дахь олимпийн наадамд та бүхэнтэй идэвхтэй хамтран ажиллаж бэлтгэх, мөн ОУОХ-ны сайн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа баталж байна гэж В.Путин мэндчилгээндээ тэмдэглэжээ.