Америкийн 40 мянгаас багагүй цэргийн албан хаагчийг Афганистанд нэмж хүргэх шаардлагатай гэж энэ улсад алба хааж байгаа АНУ болон НАТО-ийн хүчний командлалын төлөөлөгч Стэнлий Маккристал үзэж байна. Түүний хүрээний эх сурвалжийн мэдээлснээр ерөнхийлөгч Барак Обамад ийм зөвлөлгөө өгчээ. Одоо Афганистанд олон улсын хүчний 100 мянган цэрэг байгаагаас 65 мянга нь америкийн цэрэг юм. Нэмэлт хүчин нь үйл ажиллагаа нь идэвхжиж байгаа Талибан хөдөлгөөний эсрэг тэмцлийг эрчимжүүлээд зогсохгүй тус бүс нутаг дахь “Аль-Каида” террорист бүлгийн үйл ажиллагааг таслан зогсооно гэж генерал үзэж байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өчигдөр Афганистаны аюулгүй байдлыг хангахад дэмжлэг болох Олон улсын хүчний бүрэн эрхийг жилээр сунгажээ.