БНАСАУ болон АНУ Солонгосын хойгийн цөмийн асуудлаар хоёр талын яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгааг Хятад улс сайшааж байна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч мэдэгдэв. Үүний зэрэгцээ талууд Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талын яриа хэлэлцээг бүх талаар дэмжиж, үүнийг нэн даруй сэргээхэд бүх хүч чармайлт тавих ёстой гэж Хятад улс үзэж байна. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгон хувиргах санааг хэрэгжүүлэхэд энэ яриа хэлэлцээ нь үр нөлөөтэй механизм болохыг Хятад улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч тэмдэглэв. Зургаан талын яриа хэлэлцээнд АНУ, Орос, Хятад, Япон, БНАСАУ, Өмнөд Солонгос улс оролцсон юм. БНАСАУ алсын тусгалтай пуужин харвасныг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл буруушаасны хариуд Пхеньян 2009 оны 4-р сард зургаан талын хэлэлцээнээс гарч, цөмийн хөтөлбөрөө сэргээснээ зарласан юм.