Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижируулах зорилтоо БНАСАУ баримталж, цөмийн хөтөлбөрийн асуудлаар яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир Пхеньянд энэ тухай мэдэгдэв. Манай тоймч Александр Редченко тайлбарлахдаа,  БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн сайд Вэнь Зябао яриа хэлэлцээний үеэр ийм мэдэгдэл хийв. Ким Чен Ирийн хэлснээр тус бүгд найрамдах улс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижируулах зорилтоо биелүүлэх, цөмийн зэвсгээс ангижируулах тухай БНАСАУ-ын сүүлд хүлээсэн үүрэг өөрчлөгдөхгүй аж. БНАСАУ олон талын яриа хэлэлцээ тэр дундаа 6 талын яриа хэлэлцээнд оролцоход бэлэн байна. АНУ-тай хийх яриа хэлэлцээнд ахиц гарах эсэхээс энэ бүхэн шалтгаална гэж Умард Солонгосын удирдагч тэмдэглэсэн юм. АНУ-тай тогтоосон харилцааны байдлаас үүдэн Пхеньян зургаан талын яриа хэлэлцээнд оролцоно гэж Ким Чен Ир хэллээ. БНАСАУ “зургаан талын” яриа хэлэлцээнд эргэж орох, эцэстээ цөмийн хөтөлбөрөөс татгалзах болзолтойгоор Вашингтон Пхеньянтай хоёр талын яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж АНУ-ын Төрийн Департаментын төлөөлөгч Йан Келли уламжлав. Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талын яриа хэлэлцээнд АНУ, Орос, Хятад, Япон, БНАСАУ, Өмнөд Солонгос оролцосныг сануулъяа. Умард Солонгос баллистик пуужин туршсаныг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл буруушаасны хариуд БНАСАУ энэ оны 4-р сард зургаан талын яриа хэлэлцээнээс гарах тухай мэдэгдсэн юм. Тэр үед Умард Солонгосын эрх баригчид Йонбен дахь эрдэм шинжилгээ судалгааны төвийн объектын ажлыг сэргээх бодолтой байгаагаа зарласан юм. Умард Солонгос энэ оны 5-р сард хоёр дахь удаа цөмийн туршилт хийсний дараа БНАСАУ-ын эргэн тойрны байдал цаашид хурцадсан байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл үүний хариуд цөмийн туршилт хийхгүй байх, баллистик пуужин үл харвахыг Пхеньянаас шаардсан шинэ тогтоол баталжээ. Үүнээс гадна БНАСАУ-ын тухайд хоригийг чангалахаар шийдсэн юм.
Гэсэн ч, нэг талын шийдвэрээр бүх хариуцлагыг Пхеньянд тохох нь буруу байна. Оросын шинжлэх ухаан академийн Дорно дахины хүрээлэнгийн тэргүүлэх шинжээч Александр Воронцов ийм бодолтой байна.  БНАСАУ-ын 6 талын яриа хэлэлцээний түншүүд үүргээ бүрэн биелүүлээгүй юм. Тэд график төлөвлөгөөгөө зөрчиж байлаа. Нэмж шаардлага тавьж байв. БНАСАУ-д юуны түрүүнд аюулгүй байдал түлхэц болж байна. Умард Солонгос цөмийн хөтөлбөрөө хумих эсвэл татгалзах тухайд хийж байгаа үйлдэлд олгож байгаа нөхөн төлбөр, эдийн засгийн тусламж, мазут зэрэг түлхэц болж байна. Эдгээр нь чухал. Улс орон орчин цагийн нөхцөлд амь мэнд гарахад аюулгүй байдал ямар ч эргэлзээгүй хамгийн чухал билээ. Өөрөөр хэлбэл аюулгүй байдлын баталгаа юм. Тэд үүнийг ямагт ил тод яридаг. Солонгосын хойгт үүссэн олон давхаргатай, энэ ээдрээтэй цөмийн асуудлын үндэс нь БНАСАУ болон АНУ-ын хоорондын зохицуулаагүй зөрчлөөс үүдэлтэй тул юуны түрүүнд Вашингтонд хандаж байна. “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Александр Редченкогийн тайлбарыг хүргэлээ.